УИХ-д есхөн суудалтай Ардчилсан намынхны од гийж, Засгийн газарт сандал, ширээ хуваалцах бололтой. Огцруулах бичиг өргөн бариад буй 30 сөрөг хүчний оролцоотойгоор Ж.Эрдэнэбатын танхимыг унагангуутаа хамтарсан Засгийн газар байгуулахаар тохироо хийсэн тухай дуулдаж байна.
Тавьж буй шаардлагаар нь Засгийн газрын хувь заяаг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой бол УИХ 14 хоногт хэлэлцэн шийдвэрээ гаргана. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл байдал үүслээ хэмээн тайлбарлаж буй.
Гэхдээ тэд яагаад УИХ-ын даргыг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авангуут огцруулах бичгээ өргөн барив, яагаад энэ асуудлаа өөрийн намаас томилогдсон УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барьсангүй вэ гээд асуудал хөвөрч байна.
Дээр нь Засгийн газарт хариуцлага тооцохоор гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг сонирхвол ихэнх нь шинэ гишүүд аж. Үүнийг нь бусдын гар хөл болов уу гэж хардах хүмүүс байгаа.
Уг нь МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг том зургаар нь харвал огцруулах бичиг өргөн бариад буй 30-ын хувьд юун Засгийн газарт хариуцлага тооцох асуудал тавих, өөрсдөө эхлээд улс төрийн хариуцлагаа хүлээх ёстой баймаар. Тэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тойрогтоо гаргаж чадалгүй, ялагдуулсан. Гэхдээ тэд улс төрийн хариуцлага хүлээх ёс зүйн хат суугаагүй учраас бурууг бусдаас хайж байна. Нэг үгээр хэлбэл, өөрсдөө хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд Бага хурал, Их хурал зарлахаас урьтаад Засгийн газрыг унагахыг илүүд үзэж байна.
УИХ-аар Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргахад 39 кноп хэрэгтэй. Гэтэл бүлгийн гишүүдээс 30 нь огцруулах талд гар өргөсөн болохоор одоо есөн санал хэрэг болох нь. Түүнийг нь Ардчилсан намынхан нөхнө. Есөн кнопыг ямар ч тохироогүйгээр өгч, “буян” үйлдэхгүй учраас шинээр байгуулах Засгийн газарт Ардчилсан намынхныг багтаах тохироо хийсэн болж таарах магадлалтай.
Нөгөө талаас Ж.Эрдэнэбатын танхимыг авч үлдэхийн төлөө нэгдсэн гишүүд шинэ Засгийн газрыг аясаар нь ажиллуулна гэж юу байх билээ. Одоогийнх шиг бас нэг огцруулах хөдөлгөөн өрнөхийг үгүйсгэх аргагүй. Аясаар нь уначихгүйн тулд Ардчилсан намын есөн кноп 65-аас ч үнэтэй тусаж байна.
Өөрөөр хэлбэл, улс төрийн ашиг хонжоо хайж, биенээ хэмлэж байгаа нөхцөлд УИХ-д 65 суудалтай байлаа ч Засгийн газар тогтвортой ажиллах боломжгүйг МАН ийнхүү өөрсдөөрөө үлгэрлэн харуулах боллоо.
Сөрөг хүчний хувьд алдах зүйл байхгүй, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас гарна. Хариуцлагаа 65 үүрцгээ гээд явж одно. Энэ бол Ардчилсан намынхны гэм биш зан юм.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан намынхан С.Батболдын Засгийн газраас өөрсдийн дураар гараад явсныг санахад илүүдэхгүй биз.
Г.ХОРОЛ