Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн боллоо

Төв аймаг дахь Цагдаагийн газар, тус аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Угтаалцайдам сумын ИТХ, прокурорын газраас хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Төв аймгийн Баянхангай, Заамар, Өндөр ширээт, Лүн, Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам сум болон хил залгаа аймаг, сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгч, Төв аймгийн прокурор, сумдын ИТХ-ын төлөөлөгч болон иргэд оролцсон юм.

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд “Гэмт хэргээс урьдчилан гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх зорилготой хамтарсан зөвлөгөөнийг анх удаа хийж байна. Цаашид хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Бусад аймгийн нутаг дэвсгэр, хил залгаа аймгийн сумдад хийнэ. Энэхүү зөвлөгөөн хэсгийн төлөөлөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, аймаг, сум дамнасан малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлтийн талаарх сургалтыг хэсгийн төлөөлөгчдийн дунд сар бүр хийхээр товлоод байна” гэлээ.

Төв аймагт 2016 онд нийт 427 гэмт хэрэг гарсан бөгөөд үүнээс 249 нь хулгайлах төрлийн гэмт хэрэг, 2017 оны эхний хагас жилд 422 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 139 нь хулгайн хэрэг байна. Эдгээр хэргийн олонх нь малын хулгай байгаа юм. Тэгвэл зарим сум малчдын бүлэг байгуулан, малаа байнгын хариулгатай болгосноор энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоосон туршлагаа энэ үеэр хуваалцаж байлаа.

МАЛЧДЫН БҮЛЭГ БАЙГУУЛСНААР ЛҮН СУМАНД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Төв аймгийн Лүн сумын 2-р багийн “Бэрх” малчны бүлгийн ахлагч Г.Гомбосүрэн ‘2014 онд малчдын хүсэлтээр ИТХ-ын шийдвэр гаргаж манай суманд малчны бүлэг байгуулагдсан. Олноор нь устгадаг малын хулгайг таслан зогсоосон гэж хэлж болно. Бидний үйл ажиллагааг төр засаг, цагдаагийн байгууллагын хамт олон дэмжиж 2015 оны Улсын тэргүүний бүлэг болгосон. Мал тарга тэвээрэг авсан үед буюу наймдугаар сараас энэ төрлийн гэмт хэрэг гардаг. Бид энэ үеэр 24 цагийн харуул хамгаалалт гаргадаг юм. Хоёр айлаас нэг, нэг хүн гаргаж 21:00-05:00 цаг хүртэл мал сүргээ манаж хонодог. Үүний үр дүнд өнгөрсөн жил мал хулгайлах гэмт хэрэгт өртөөгүй. Малчдадаа хэлэхэд бүлэг зохион байгуулалтад орж, цагдаагийн байгууллагатайгаа хамтарч, бүрэн нөөц бололцоогоороо ажиллабал буянт мал сүргээ урт гартнуудын савраас хамгаалж чадна” гэж ярьсан.

Төв аймгийн Лүн суманд малчны гурван бүлэг байдаг ажээ. Малчдын бүлэг хэсгийн цагдаа болон бусад бүлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, сумдын ИТХ анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ-ын дарга Р.Батбаяр: “Төв аймгийн Угтаалцайдам суманд гэмт хэргийн тоо буурч байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн төлөөлөгч, цагдаа, ИТХ хамтран шөнийн эргүүл хийдэг. Цагдаагийн хэсгийг машинтай болгож, мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа” гэлээ.

ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛЭХГҮЙН ТУЛД ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДЭЖ БАЙГАА

Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх ‘Шинэ эрүүгийн хуулиар малын хулгайн хэргийг зүйлчилж өгсөн тул цагдаа, прокурорын байгууллагын ачаалал нэмэгдсэн. Гэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа. Өмнөх Эрүүгийн хуулиар хохирол шаарддаг байсан. Хүндрүүлсэн нөхцөл буюу 148.2 дугаар зүйр рүү орохоор олон тооны мал, наймаас дээш бог, 24 тооны бог байж олон тоо болдог байсан. Харин шинэ Эрүүгийн хуульд малын тоо заагаагүй. Өнчин ишиг хулгайлсан байсан ч малын хулгайн хэргийг үйлдэл бүрт шалгана. Шинэ хуульд давтан гэсэн ойлголт байхгүй тул, харин хэргийг нарийвчлан заасан байгаа. Хэргийг хялбаршуулсан маягаар шийдвэрлэж байгаа. Хэрвээ малын хулгайч хохирол барагдуулахаа илэрхийлсэн байх юм бол хэргийг шүүхэд шилжүүлж буй гэсэн үг’ гэв.

СУМДЫГ ЗУРГААН БҮСЭД ХУВААЖ ГХУС ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатар “Төв аймаг нийт 27 сумтай. Улаанбаатар хотоос гарч, орж байгаа бүх автозам манай нутгаар дайран өнгөрч байгаа. Төв аймгийн эрүүгийн нөхцөл байдал хүнд байдаг. Орон байрны болон малын хулгай өдөрт таваас доошгүй бүртгэгдэж байна. Гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон санал гарсан. Тухайлбал, малыг байнгын хариулгатай байх зорилгоор сумдад малчдын бүлгийг байгуулах, хил залгаа сум, аймгуудтай байнгын хамтарсан пост байгуулах саналууд гарч байна. Аймгийн хэмжээнд улирлын чанартай гэмт хэргүүд гардаг. Ялангуяа 6-8 дугаар сард автын осол, мал хулгайлах төрлийн гэмт хэрэг голчлон үйлдэгддэг. Тиймээс нийт газар нутгаа зургаан бүс болгож хуваагаад Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд нэг бүсийг ахалж байгаа. Нэг бүсэд 5-6 сум багтсан. Улиралдаа нэг удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, тайлан авч байна. Тайланд үндэслэн дараагийн улиралд хийх арга хэмжээнүүдийг тодорхойлно” гэв.

Төв аймагт гэмт хэргийн илрүүлэлт 58.9 хувь буюу өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдэж байгаа нь иргэн цагдаагийн байгууллага холбоотой, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг иргэд болон цагдаагийн байгууллагын төлөөллүүд хэлж байлаа.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж