Араб хунтайж аль төслийг сонгох бол?

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Араб хунтайж аль төслийг сонгох бол?

Араб хунтайж аль төслийг сонгох бол?

-Яам агентлагаар сонин юутай вэ?-

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж даваа гаригт /2017.08.21/ Саудын Арабын Вант Улсын эрхэм дээд хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Тэд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон байна.

Өнгөрсөн онд УИХ-ын дарга Саудын Арабын Вант Улсад айлчилж, хамтран ажиллах санал тавьсны дагуу Араб хунтайж Монголыг зорин ирсэн гэдгээ уулзалтын үеэр онцолжээ. Тэрбээр эрдэс баялгийн чиглэлээр хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа учраас УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж одоогоор техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн долоон төсөл байгааг танилцуулжээ. Эдгээр нь голчлон хүнд үйлдвэрийн салбарын төслүүд бөгөөд нүүрснээс нийлэг хий боловсруулах, үр дүнд нь Улаанбаатарыг утаагүй хот болгох, Өмнөговь аймгийн зэсийн ордыг түшиглээд зэсийн баяжмал боловсруулах, Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах гэх мэт томоохон төслүүдийг танилцуулсан байна. Араб хунтайж аль нэг төслийг онцгойлон сонирхлоо илэрхийлээгүй ч дээрх долоон төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хунтайжийн багт тусгайлан хүргэхээр болжээ.

Уул уурхайн салбарынхан ойрын өдрүүдэд хийх бүтээх ажил багагүй байх гэнэ. Тухайлбал есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт геологичдын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах ажээ. Геологич мэргэжилтнүүд болзлын дагуу оролцох гэнэ. Мөн есдүгээр сарын 11-14-нд Ховд аймагт эрдэс баялгийн бүсийн зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөнд найман аймгийн төлөөлөгчид оролцох юм байна.

Гол, усны осолд хүүхэд, залуус өртсөөр байна 

Ганцхан зундаа зуун хүнээ золгүй байдлаар усанд “урсгаад” байхаар Монголын хүн ам өсөх үү гэж асуумаар болжээ. Золгүй явдалд хохирогч л буруутаж, хөндлөнгийн хэн нэгнээс хариуцлага нэхэх боломжгүй байдгаараа бүр ч харамсалтай. 2017 он гарсаар улсын хэмжээнд усанд осолдож амтиа алдсан тохиолдол олон удаа гарчээ. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас өчигдөр /2017.08.23/ мэдээлснээр 16 аймгийн 51 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 74 удаагийн гол усны осол бүртгэгджээ. Гол усны золгүй тохиолдлоос үүдэн 91 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд юм байна.

Гол усны аюулд голчлон хүүхэд, залуус өртдөг. Зургаан найз Сэлэнгэ мөрний эрэгт амарч байгаад дөрөв нь эндсэн, Увс аймагт алба хааж байсан хоёр цэрэг морио услах гэж яваад нууранд морьтойгоо живсэн, Төв аймгийн Жаргалант тосгонд үер бууж, нэг том хүн, хоёр хүүхэд эндсэн гээд тоочоод байвал харамсалтай хэрэг цөөнгүй. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газарт уурхайн хиймэл нуурын усанд 28 настай мсалчин залуу осолджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар-Усан тохойд 20 настай Б гэгч залуу осолдсон ч цогцос нь олдохгүй байгаагаас нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн нийт 22 алба хаагч эрж хайсаар байна.

Энэ бүхнээс үүдэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сурах бичгийн үнийг зарлав

Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хэдхэн хоногийн дараа нийслэл хот оюутнуудын хөлд дарагдаж, хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ явж эхэлнэ. Цэцэрлэгийн гадуур гарахад л хонь хурга нийлэх үеийн дуу шуугиан орчныг чимж, цүнхэндээ түүртсэн бяцхан сурагчид үзэг балаа гээсээр гэртээ харьцгаах биз.

Хичээлийн шинэ жилийн босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар, сурах бичиг худалдах компаний нэрсийг албан ёсоор зарлалаа. Ил тод нээлттэй зарласан уг жагсаалтаас харвал хамгийн хямд сурах бичиг 1400 төгрөгийн үнэтэй бол хамгийн үнэтэй нь 6200 төгрөг байх юм байна. Өөрөөр хэлбэл сурах бичгийн дундаж үнэ 2709 төгрөг. Гэвч сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй, олдоц муу байдгаас үүдэн хуучин, шинэ номыг өндөр үнээр худалдан авах тохиолдол олонтаа. Ямартаа ч хэддүгээр ангийн сурах бичгийг аль компани үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгааг, ямар үнээр худалдан борлуулах ёстойг доорх хүснэгтээс үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж