ДАШТ: П.Орхоны барилдааны бичлэгүүд (ВИДЕО)

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: П.Орхоны барилдааны бичлэгүүд (ВИДЕО)

Талбайн теннисний оны дөрөвдэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 12 дахь өдөр эрэгтэйчүүдийн хосын төрлийн аваргууд тодорлоо.

Гэрэл зургийг Б.ТОШКА

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр буюу өчигдөр (2017.07.23) Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан сайхан үйл явдал боллоо. 

Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.

П.Орхон 2016 оны эхээр бөхийн ертөнцөд шуугиан тарьсан барилдааны эзэн болж байсан нь И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58кг-д зодоглохдоо олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг зогсоож, алтан медаль хүртсэн түүхэн ялалт байсан юм. 

Тухайн үед ‘Каори Ичо аваргын 158 дараалсан ялалтыг монгол охин зогсоолоо’ хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байв.

2002 оноос хойш дэлхийн дэвжээнд босоо байсан алдарт Каори Ичо энэ тэмцээнийг хүртэл ялагдал амсах нь бүү хэл өрсөлдөгчдөө барагтай оноо алдаж үзээгүй шилдэг бөх тул түүнийг ялж, тэгэх тэгэхдээ 10:0 буюу оноогоор цэвэр ялсан П.Орхоныг дэлхийн дэвжээнээс медаль хүртэх ирээдүйтэй бөх гэдэгт дэлхийн бөх сонирхогчид, мэргэжилтнүүд үзэж байсан юм. 

П.Орхон 2017 оны зургадугаар сард Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад зодоглох бөхчүүдийн сорил тэмцээнд Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг ялж, анх удаа дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг өвөртөлсөн юм. Үүний өмнө тэрбээр 2017 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, ‘Mongolian open’ олон улсын тэмцээнд дэлхийн шилдэг бөх С.Батцэцэгийг ялж байсан юм.

П.Орхоны дасгалжуулагчаар ‘Алдар’ спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нарын ах дүү дасгалжуулагчид ажилладаг. 

Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.

Энэ өдөр барилдсан манай бусад бүсгүйчүүдээс 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг найм, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 12, 75 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан наймдугаар байр эзэллээ. Эхний өдөр 55 кг-д алдарт Саори Ёшидагийн залгамжлагч гэгдээд буй Японы 18 настай охин Харүна Окүно, 58 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Хелен Марулис, 75 кг-д энэ жилийн Европын аварга Туркийн Ясемин Адар нар түрүүлэв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭХНИЙ ӨДРИЙН БАРИЛДААНЫ ДҮН:

55 кг (24 бөх)

1. Харүна Окүно (Япон)
2. Одуня Адекурой (Нигери)
3. Бека Литерс (АНУ)
3. Ирина Курашкина (Беларусь)

58 кг (27)

1. Хелен Марулис (АНУ)
2. Марва Амри (Тунис)
3. Мишель Фаззари (Канад) 
3. Айсулуу Тыныбекова (Киргизстан)

63 кг (23) 

1. Пүрэвдоржийн Орхон (Монгол)
2. Юлия Ткач (Украин)
3. Жаклин Рентериа Кастильог (Колумб)
3,. Валерия Лазинская (ОХУ)

75 кг (23)

1. Ясемин Адар (Турк)
2. Василиса Марзалюк (Беларусь)
3. Хироэ Сүзүки (Япон)
3. Жюстина Ди Стасио (Канад)


П.Орхоны барилдааны бичлэгүүд
 

  • Шигшээ: 2014 оны дэлхийн аварга, 2015 оны хүрэл медальт, 2015 Европын наадмын мөнгөн медальт Юлья Ткач (Украин) – 6:3
     

 

  • Хагас шигшээ: Олимпийн хошой хүрэл медальт Жаклин Рентера (Колумб) – 13:0 
     

 

  • 1/4 шигшээ: Блессинг Оборудуду (Нигерь)

 

  • 1/8 шигшээ: 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Хенна Йоханссон (Швед) – 6:2
     

 

  • Эхний тойрог: Шилпи Шеоран (Энэтхэг) – 10:0
     

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж