Цэцэрлэгт бүртгүүлэхээр ирэхдээ анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт бүртгүүлэхээр ирэхдээ анхаарах зүйлс

Цэцэрлэгт бүртгүүлэхээр ирэхдээ анхаарах зүйлс

Ирэх хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар бид сурвалжилсан юм. (2017.08.23)

Хүүхдийнхээ шинжилгээний бичгийг наймдугаар сарын 29-ний дотор авч ирэхийг сануулав

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “24 цагийн” гэх тодотголтой Тэргүүний 54 дүгээр цэцэрлэгт 3-5 насны хүүхдийн бүртгэлийг хэвийн зохион байгуулж байлаа. Харин цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж байгаа.

Тус цэцэрлэгийн хувьд дүүрэгтээ ганц байдаг 24 цагийн цэцэрлэг аж. Тиймээс энэ жил ахлах, бэлтгэл гэсэн хоёр бүлэгтээ 24 цагийн анги, хоёр өдрийн ангийн бүртгэлийг хийж байгаа гэнэ. Одоогоор 3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл 60 хувьтай байгаа тухай багш, ажилтнууд танилцууллаа. 

“Өмнө нь цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн шинжилгээг гадуур эмнэлэг болон харьяа дүүргийн аль нэг эмнэлэгт очоод өгч болно. Өнгөрсөн жилийн хувьд заавал цэцэрлэгийнхээ харьяа лабораторид шинжилгээ өгнө гэсэн шаардлага тавьдаг байсан. Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэж байгаа ч өмнө нь хүмүүжиж байсан хүүхдүүдийг наймдугаар сарын 24-ний дотор бүртгэнэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шинжилгээний бичиггүй ирэх тохиолдол олон байна. Багш нарын зүгээс наймдугаар сарын 29-ний өдрийн дотор шинжилгээний бичгээ авч ирээрэй” гэдгийг сануулж байгаа тухай тус цэцэрлэгийн багш О.Чулуунцэцэг ярьсан юм.

Ингэснээр цэцэрлэгтээ бүртгэлтэй байсан 3-5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нд бүртгэлийн хуудсаа бүлгийнхээ багшид өгч, цэцэрлэгтээ дахин хүмүүжиж эхлэх нь ээ.

Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр очиход тус дүүргийн оршин суугч О.Одонтуяа дөрвөн настай хүүгээ бүртгүүлэхээр ирсэн байлаа. Тэрбээр “Миний хувьд дөрвөн настай хүүгээ цэцэрлэгт нь бүртгүүлж, бүртгэлийн хуудсаа авлаа. Шээс, цагаан хорхойн шинжилгээгээ цэцэрлэгийн дэргэдэх лабораторид өнөөдөр /2017.08.23/ өгч, хариугаа авсан. Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хүмүүжиж байсан гэсэн мэдээлэл нь байгаа учраас бүрдүүлэхэд хүндрэлтэй материал байхгүй байна” гэв.

Харин тус цэцэрлэгийн урд талд байрлах нийслэлийн 160 дугаар цэцэрлэгээр ороход 3-5 насны хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд дугаарласан байлаа. Тус цэцэрлэгт өмнө нь хүмүүжиж байсан хүүхдүүдийн бүртгэл одоогоор 80 хувьтай байна гэдгийг багш нар хэлсэн юм.

Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж байгаа нь багш нарын ачааллыг хөнгөлж байна гэдгийг тэд онцолж байв.

“Манай цэцэрлэгт энэ жил хоёр настай 90 хүүхдийг элсүүлнэ. Хуучин хүмүүжиж байсан хүүхдүүд урилгаа авч ирээд, ариун цэврийн болон хичээлийн хэрэгслүүдээ хангаж байгаа. Цахим бүртгэлээр бүртгэдэггүй байхад эцэг, эхчүүд хонон өнжинө дугаарладаг байлаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг нээлттэй, ил тод, хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж байгаа нь зөв алхам болжээ” хэмээн тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Н.Саранцэцэг ярив.

“Цэцэрлэгийн цахим элсэлтийг наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулна. Харин хуучин хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийг наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ” гэсэн зарлалыг дээрх хоёр цэцэрлэгийн гадна хаалганд байршуулсан байсан.

Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлэхийг эцэг, эхчүүдэд сануулъя. 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Оршин сууж буй хороонд оршин суудаг, гэрийн хаягтай эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Цагаан хорхой, шээсний шинжилгээ хийлгэсэн бичиг
  • 3×4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж