Судан дахь ОХУ-ын Элчин сайд Миргаяс Ширинский тус улсын нийслэл Хатума хотод байрлах гэртээ нас барсан байдалтайгаар олдсон байна. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж.
Хартума хотын цагдаагийн газрын мэдээлэлд Ширинский нь цусны даралт өндөртэй байснаас болж нас барсан байх магадлалтай гэв. Харин Суданы сэтгүүлч Васил Али ОХУ-ын Элчин сайд нас барахаасаа хэдхэн мөчийн өмнө усанд сэлж байсан хэмээн бичжээ.
Болсон явдалд Суданы Гадаад хэргийн яамнаас гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Миргаяс Ширинский нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудалд идэвхи зүтгэл гарган ажиллаж байсны зэрэгцээ найрсаг хүн байсан гэдгийг эмгэнэлд дурьджээ.
Миргаяс Ширинский нь 1954 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. Тэрээр 1977 оноос эхлэн ОХУ-ын дипломат албанд ажиллаж ба 1991-1993 онд Йемен дэх Орос болон ЗХУ-ын элчин сайдын яамны зөвлөх, 1993-1996 он дуустал Саудын Арабын Жидда хотод суух ОХУ-ын Ерөнхий консул, 2006-2013 онп Руанда улс дахь ОХУ-ын элчин сайдын албан тушаалыг тус тус хашиж байжээ.
Тэрээр 2013 оны арванхоёрдугаар сарын 27-нд Судан дахь ОХУ-ын элчин сайдаар томилогдож байв.
Бэлтгэсэн. Ц.Уран