Наймдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Наймдугаар сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Хэдхэн хоногийн дараа есдүгээр сар гарах гэж байна. Наймдугаар сард ихэнх нутгаар бороотой байсан бол ирэх есдүгээр сард хур тунадас багасч, харьцангуй дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг. Есдүгээр сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог. Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа ажээ.

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий технологич инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа. 

-Наймдугаар сарын сүүлээр нийт нутгаар хур бороо ихтэй байна. Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 

-Нийт нутгаар долдугаар сарын сүүлээс эхлэн наймдугаар сард хур бороо ихтэй байлаа. Төв болон зүүн, говийн аймгуудын зуншлага тааруу байсан аймгуудын зуншлагын байдал, бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайжирч байна.

Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд нь зуншлага сайтай, 50 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь зуншлага муу байна.

Баруун аймгуудын нутгаар бэлчээрийн ургамал муутай, зуншлага тааруу байна.

Наймдугаар сарын 20-ноос хойш бороо орж, сэрүүн байх төлөвтэй байсан бол наймдугаар сарын 25-аас нийт нутгаар дулаарах төлөвтэй байна. Гэхдээ наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, ширүүн салхитай байна. Мөн наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнөдөө төвийн болон зүүн аймгийн нутгаар эрс хүйтэрч, уулархаг нутгаар хасах градус хүрэх төлөвтэй байна. Наймдугаар сарын сүүлийн хоёр хоногоос хур бороо багасч, өдөртөө дулаарах төлөвтэй байна.

-Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байх вэ. Энэ жил эрт хүйтэрнэ гэсэн мэдээлэл байна?

-Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг харахад сарын дунд үед нутгийн баруун хагаст, төв, говийн нутгаар өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг дулаан байхаар байна. Монголын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаар бороо хур багасдаг. Есдүгээр сард нэгдүгээр арав хоногийн дунд үе буюу есдүгээр сарын 4,5-ний үед Төв болон зүүн аймгийн ихэнх, баруун аймгийн зарим нутгаар хур бороотой, есдүгээр сарын 8-10-ний үед баруун аймгийн нутгаар бороо орж, уулархаг нутгаар цас орох төлөв ажиглагдаж байна. Сарын дунд, сүүлийн 10 хоногт нутгийн зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхины хүч ихтэй, зарим нутгаар 16-20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна. Харин температурын хувьд сарын эхэн болон дунд үед хур бороо багасч, өдөртөө 26-28 градус хүрч дулаарна. Харин есдүгээр сарын 6, 7-ний үед нийт нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар тэг градус хүртэл хүйтэрнэ. Сарын дунд үеэс хойш сэрүүсэх, төв, зүүн аймгийн нутгаар шөнөдөө хоёр градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Зарим жилүүдэд есдүгээр сарын дунд үеэс нийт нутгаар нойтон цас орж байсан тохиолдлууд бий. Тухайлбал, 2009, 2011 оны есдүгээр сард төвийн болон зүүн аймгийн нутгаар их хэмжээний нойтон цас орж байсан удаатай. Цаг агаарын мэдээг өдөр бүр, долоо хоног, сараар нарийвчлан гаргаж байгаа болохоор иргэд, малчид, тариаланчид цаг үеийн мэдээллийг тухай бүрт нь авч байх хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж