Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Кын Хэ 2017 оны тавдугаар сард болсон шүүх хурлаар авлигын хэргээс цагаадсан боловч улсын нууц задруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх мэт 18 төрлийн хэрэгт шүүгдэнэ.
Өмнөд Солонгосын хуулиар авлигын хэрэгт бүх насаар нь хорих хүртэл хатуу шийтгэл оногдуулдаг юм. Өмнөд Солонгосын “төмөр хатагтай” Пак Кын Хэ өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдсанаас хойш шоронд хоригдож байна. Тэрбээр дотны найз Чой Сун Шилтэй хамсан Өмнөд Солонгосын “Samsung” тэргүүтэй том компаниудаас олон сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутгагдаж байв. Харин Чой Сун Шил гэгч нь экс ерөнхийлөгчтэй дотны найз гэх нэр нүүрээ ашиглан корпорацийн эздээс олон сая ам.долларын авлига авч, төрийн хэрэгт оролцсон зэрэг олон хэрэгт буруутгагдсан.
Тавдугаар сард болсон шүүх хурлын үеэр олон жил нөхөрлөсөн найзууд хоорондоо үг солих нь битгий хэл харц ч тулгараагүй аж. Пак Кын Хэ сүүлийн шүүх хуралд хар хослолтой ирж байжээ.
Пак Кын Хэ авлигын хэргээр шүүгдсэн гурав дахь ерөнхийлөгч болсон бол өмнөх хоёр нь цэргийн дарангуйлагч нар байжээ. Өмнөд Солонгосын ард иргэд төрийн өндөр албан тушаалтнууд тэр тусмаа ерөнхийлөгчийг авлигаас ангид байх ёстой гэж үздэг. Авлигад нэр холбогдсон өмнөх ерөнхийлөгчид Ким Ён-сам, Ким Дэ-жүн, Ну Мү-хёнь, И Мён-баг нар гэр бүлээсээ болж огцорч байв.
Пак Кын Хе ерөнхийлөгч болохоосоо өмнө хэд хэдэн буяны сан нээсэн нь өдгөө Чой Суншилийн мөнгө угаах хэрэгсэл болсон аж. Чой Сун Шилийн авлигын хэрэгт Пак Кын Хэгээс гадна олон хүн холбогдож шүүхийн хаалга татаад байна. Чой Сун Шилийн охин Чой Ю Ра их сургуульд арын хаалгаар элсэж, бусад оюутнуудын эсэргүүцлийг өдөөснөөр энэ бүх хэрэг ил болсон юм. Чой Ю Раг өнгөрсөн нэгдүгээр сард Данид баривчилсан юм. Түүнчлэн Чой Сун Шилд авлига өгсөн хэргээр “Samsung” компанийн өв залгамжлагч, экс дэд захирал И Жэ Ён, Эрүүл мэндийн сайд асан Мун Хён Пю, Үндэсний тэтгэврийн үйлчилгээ үзүүлэх газрын хөрөнгө оруулалтын албаны дарга Хун Ван Сон нар авлигын хэрээр хоригдож байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ