УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын МАН-ын 30 гишүүн өчигдөр (2017.08.23) Засгийн газрыг огцруулах тухай бичгийг УИХ-ын дэд даргад өргөн барьсан. Засгийн газар огцрох ёстой гэж гарын үсэг зурсан гишүүдийн ихэнх нь шинээр сонгогдсон түшээд байгаа юм. Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал гэх залуу лидерүүд ямар учраас намынхаа эсрэг зогсов. Тэд дараагийн Засгийн газарт сайд болох тохироо хийсэн үү? Эсвэл олны хардаж байгаачлан хэн нэгний далбаан доор намирсан юм биш биз. Энэ асуултын хариултыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Та Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Ямар учраас энэ асуудлыг дэмжиж байгаа вэ. Магадгүй ямар нэг албан тушаал горилж байж болох уу?
-Засгийн газрыг огцрох ёстой гэж УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан. 30-уулаа сайд болно гэж байхгүй. 65 суудалтай намаас томилогдсон Засгийн газарт уулыг эргүүлж, усыг ширгээх хүч бий. Том алхам хийнэ гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ хүлээлтийг биелүүлж чадсангүй. Олон улсад Засгийн газрын рейтинг 50-иас доош хувьтай болоод ирвэл өөрийн хүсэлтээр огцордог. Манай Засгийн газарт ард түмэн дүнгээ өгсөн. Одоо ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой гэж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурсан.
-Засгийн газрыг огцруулах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүх удирдаж байна гэсэн хардлага бий. Шадар сайд та хоёр нэг нутаг болохоор энэ асуудалд оролцож байна гэх юм. Та ямар хариулт өгөх вэ?
-УИХ-ын гишүүн нэг бүр өөр, өөр тойргоос сонгогдсон, хувийн үзэл бодолтой хүмүүс. Өнөөдөр 65 суудалтай бүлгийн 30 гишүүн гарын үсэг зурсан ч цаана нь дэмжих нь зүйтэй гэж бодож байгаа олон гишүүн бий. Тэгэхээр хувь хүнийхээ байр сууринаас би асуудалд хандаж байгаа. Засгийн газар алдаагаа бусдаас хайх биш, өөрсдийгөө дүгнэх хэрэгтэй. Бид нэг өрөөнд цуглаж, хуйвалдаад гарын үсгээ зурчихсан юм биш. Авлигыг хамгаалаад байхаар нь аргаа бараад зурсан. Бид тойрог дээрээ очиж чадахгүй нөхцөл байдалд очоод байна.
-Ардчилсан нам өмнөх Засгийн газраа огцруулж байсан. Энэ нь ялагдлын нэг шалтгаан болсон байх талтай. Хэрэв 2020 оны УИХ-ын сонгуулиар ийм зүйл давтагдах юм бол гарын үсэг зурсан 30 хүн хариуцлага хүлээж чадах болов уу?
-Тэрийг цаг хугацаа харуулна. Одоо байгаагаас илүү Засгийн газар бүрдэх ёстой. Тийм боловсон хүчний нөөц МАН-д бий.
-Энэ парламентын гишүүн бүр хариуцлага гэдэг зүйлийг хамгийн их ярьдаг. Гэтэл яагаад Төрийн ордонд дотуур хувцас яриад зогсож байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцож болдоггүй юм бэ?
-Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудал үнэхээр болсон бол УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хууль хяналтын байгууллагаар тогтоолгоод, эцэслээд шийдэх ёстой. Хэнтий аймгийн сонгогч нийт ард түмнээс уучлалт гуйх ёстой. Д.Гантулга гишүүн өөрөө тийм зүйл болоогүй гэж хэлдэг. Тэгэхээр хуулийн байгууллага тогтоох юм бол хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ ёс зүйн маш том асуудал юм. Гэхдээ улстөр орсон эсэхийг ч тогтоох ёстой.
-60 тэрбумаар албан тушаал зарах төлөвлөгөөг ярилцахад таныг байсан гэж А.Ганбаатар хэлсэн. Энэ үнэн үү?
-60 тэрбумтай холбоотой бичлэгийг 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр хийсэн гэж байгаа. Тэр үед би АНУ-д суралцаж байсан. Тэгэхээр бие махбодын хувьд тэнд байх боломжгүй. А.Ганбаатар ярихдаа М.Энхболд дарга байгаагүй, харин Л.Оюун-Эрдэнэ байсан гэдэг. Тэгэхээр М.Энхболд даргын хоолойг би дуурайж ярьсан болж таараад байна. Ийм логикгүй байдлаар 60 тэрбумтай холбоотой асуудлыг сарниаж болохгүй. Би АТГ-д өөрийн байр сууриа илэрхийлсэн. 60 тэрбумын асуудал бол системийн авлига. Өөрөөр хэлбэл, төрийн бүх системийг авлигад татан оролцуулах гэдэг бол Зимбаб, Нигер улсад л байдаг зүйл. Энэ асуудлыг хамгаалж болохгүй. Биечлэн тогтоох ёстой. Бичлэг хийгдсэн үү, үгүй юу гэдэг дээр маргаад хэрэггүй. Бичлэг хийгдсэн. Одоо харин бичлэг дээр байгаа схем хэрэгжсэн эсэхийг шалгах ёстой. Саяхан болсон Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйг ажлаа өгөөд, шалгуулаач гэж уриалсан. Үүгээрээ хүний муу үзэх гээд байгаа юм биш. Хэрэв энэ асуудлыг намаасаа холдуулахгүй бол, намтай нь биднийг холдуулна. Авлигыг өмгөөлөх тусам Ардын нам авлигатай ойрхон юм шиг харагдаж байгаа. Тиймээс бид тэр хүмүүсийг салгах ёстой. М.Энхболд дарга 60 тэрбумын наймаа хийгээгүй байлаа ч шалгуулах ёстой. Тэр бичлэг дээр өөрийгөө байхгүй гэж А.Ганбаатараар хэлүүлсэн ч ард түмэн итгэхгүй. Улстөрчид ард түмнээсээ уучлалт гуйх ёс зүйд суралцах хэрэгтэй.