Монголбанк 1 долоо хоногтой 677.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 08-р сарын 23-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1705.4 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Тус ТБҮЦ-ны арилжаа нь дараах 4 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:
- Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,
- Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,
- Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,
- Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа.
ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоосон. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.
Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.
Эх сурвалж: Монголбанк