Эх орны хишиг. Энэ үгийг сонсохоор иргэдийн урт дараалал, хөмсөг зангидаж, үнэд орсон төрийн албан хаагчид нүдэнд харагддаг. Эх орноосоо хишиг хүртэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд ухаан алдаж, даралт нь харвасан хүмүүсийн дуудлага ирэх нь түргэн тусламжийнханд цочир мэдээ байхаа больсон гэдэг. Ер нь зуны дэлгэр цагт эмнэлгийн ачаалал ихэсч, тайвшруулах эм хомсдоход иргэний шинэчилсэн бүртгэл нөлөөлсөн гэж байгаа. Харин хахир өвлийн хүйтэнд ханиад томуу ихсэхэд шинэчилсэн бүртгэлийн “дүү” болох “21 мянга” гойд нөлөө үзүүлж эхэллээ. Бэлэн мөнгөний сураг сонссон иргэд үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл халамжийн хэлтэс, банкинд дугаарлаж байна. Тэгэхдээ иргэд Цагаан сарынхаа боовны үнийг эх орны хишгээсээ босгочих тухай бодохоос даарч, хөрөхийг ажрахгүй. Гэртээ хариад халуурч, бүлээрч эхлэнгүүтээ өнөөх “21 мянга”-ыг буруутгаж эхэлнэ дээ. Аягүй бол эх орны хишгээ эм тарианд зориулж ч мэднэ. Гэтэл зарим хүн ийм эрсдэлд өөрөөсөө гадна хүүхдүүдээ оруулж байна. Яасан гээч. Манцуйтай хүүхдээ тэврээд “21 мянга”-д дугаарлах нь хэвийн үзэгдэл болжээ. Ажиглаад байхад тэр хүүхдийг хорооны ажилтнууд ч, дугаарлаж байгаа иргэд ч тоохгүй нь харамсалтай. Автобусанд хүүхэдтэй хүнд суудал тавьж өгдөг ёс “21 мянга”-ийн дугаарлалтад үйлчилдэггүй юм байна. Хорооны байр, халамжийн хэлтсийн үүдэнд эх орны хишиг гэхээс илүү энхрий бяцхан үрсийн минь эрлэг байж болох дүр зураг харагдлаа. Тиймээс ханиад ихсэхэд хүйтнийг бус “21 мянга”-ийг буруутгах хэрэгтэй болох нь. Ханиадаас сэргийлэхийн тулд “Хүүхэд тэвэрсэн иргэнд “21 мянга”-ыг дугаарлуулалгүй олго” гэсэн зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргах шаардлагатай байна. Эсвэл эсрэгээр нь “Хүүхэд тэвэрсэн хүнд “21 мянга”-ыг олгохгүй” гэсэн мэдэгдлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан хиймээр юм. Цагаан сараа мөнгөтэй угтах хүсэлтэй иргэдийг буруутгаад нэмэргүй нь тодорхой. Харин “21 мянга”-ын вирус бүхий ханиадаас л урьдчилан сэргийлмээр байна, та минь.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин