МАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй хуйвалдахаас өөр сонголтгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

МАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй хуйвалдахаас өөр сонголтгүй болжээ

МАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй хуйвалдахаас өөр сонголтгүй болжээ

Засгийн газрыг огцруулах саналыг өнөөдөр өргөн барилаа. Эндээс зарим зүйлс тодорхой болов. Тухайлбал:

  1. Удтал цуглуулсан Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 39 кноп хэрэгтэй. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байна.
  2. Энэ тохиолдолд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрох, эс огцрох хувь заяа АН-ын бүлгийн гарт ирлээ. Санаачлагч нь МАН-ынхан өөрсдөө, хэрэгжүүлэгч нь АН-ын бүлэг болж таарч байна. Ингэснээр 65 суудалтай эрх баригч МАН-ын Засгийн газар 9-хөн суудалтай АН-ын бүлгийн барьцаанд бүрэн орлоо. Үл ойлголцол, урвалт, хагарал, талцал ийм л  үр дүн авчирдаг ажээ.
  3. Хэрвээ огцруулбал гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж, АН-тай нийлж өөрийн намын Засгийн газраа унагасан улс төрийн хэрэгтэн гэх үү, урвагчид болж хувирна. Энэ нэр хоч УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихэд нам дотроо, дэвшсэний дараа ард түмний дунд ч яригдах биз ээ. Өнөөдөр гарын үсгээ зурсан гишүүд УИХ-ын даргаа ирэхийг, сарын дараа болох намын их хурлаараа намын даргаа сонгохыг хүлээж чадахгүй яагаад чичрээд дайраад байна вэ.  Их л шунаж байна даа.
  4. Үйл явдлаас харвал гарын үсэг зурсан гишүүд АН-ын бүлэгтэй үгссэн байх магадлал харагдав. Өөрийн намын дарга нь УИХ-ын даргаар ажиллаж байхад түүнийг эзгүйчлэв. Хугацаа нь эзгүй үетэй нь таарсан байлаа гэхэд 65 хүнтэй өөрийн намын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга байсаар байхад сөрөг хүчний квотоор сонгогдсон дэд даргад саналаа өргөн барьсан нь тэднийг АН-ын бүлэгтэй хуйвалдсан, цаашдаа ч хуйвалдахыг харуулж байна.
  5. Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй санал дээр МАН-ын 65 гишүүн хоёр хуваагджээ. Гарын үсэг зурсан гишүүд АН-тай үгсч санасандаа хүрч өнөөдөр яллаа гэхэд маргааш буцаад ялагдахгүй гэх баталгаагүй. Огцруулахыг дэмжээгүй гишүүд шинээр байгуулах Засгийн газрыг жилийн дараа 2018 оны төгсгөлөөр дахин огцруулж, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохгүй гэх баталгаагүй. Тэр үед ийм санал гарч ирвэл АН-ын бүлэг сонгуулиа бодоод өнөөдрийнхөөс илүү хүчтэй дэмжих нь тодорхой. Нэг урвасан хүн хоёр дахиа урвах нь илүү амархан байдаг юм. Ванга шиг хэлье, дээрх  таван үндэслэл нь үйл явдал цааш өрнөх тусам  хөдөлгөөнгүй үнэн болж батлагдана, хараарай!

Д.Цэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж