ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас өвс тэжээл, улаан буудай худалдан авахад хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хэлэлцэв. Тодруулбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас 4.1 сая тун шүлхий өвчний эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болсон. Эхний ээлжийн 1.3 сая тун вакцин өнгөрсөн 7 дугаар сард нийлүүлэгдсэн.
Харин дараагийн ээлжийн 1.3 сая тун вакциныг 9 дүгээр сард багтаан нийлүүлэхээр хоёр тал ярилцаж тохиролцсон байна. Мөн 200 мянган тонн улаан буудайг нийлүүлэхээр болсон бөгөөд нийлүүлэлтийг ойрын хугацаанд гүйцэтгэхээр болжээ. Малын өвс тэжээлийн хувьд 400 мянган тонн өвсийг нийлүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ