Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хөтлөгдөж буй Хадгаламж, зээлийн хоршоодын бүртгэл ихээхэн зөрүүтэй болсныг хоёр байгууллага хамтран нягталж байна.
Хуульд заасны дагуу Хадгаламж зээлийн хоршоод нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа Хороонд хандаж хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авдаг. Ингэхдээ ‘Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасан нөхцөл, шаардлагуудыг хангаж, бүртгэлийн зохих мэдээллийг дэлгэрэнгүй, тодорхой бүрдүүлдэг. Үйл ажиллагааны явцад анхлан бүртгүүлсэн нэр, хаяг болон бусад мэдээлэлд өөрчлөлт орвол “Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хууль, мөн дээрх журамд заасны дагуу ажлын 7 өдрийн дотор уг өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэгтэй байдаг.
Хууль болон журам, зааврын холбогдох заалтуудыг анзааралгүй, хаяг байршил, цахим шуудангийн хаяг, холбогдох утасны дугаар, бусад мэдээлэлд орсон өөрчлөлтийг зохих хугацаанд бүртгүүлээгүй хоршоодод Хороо энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нөхөж бүртгүүлэх нэг удаагийн боломж олгож байна. Энэ хугацаанд хоршооныхоо бүртгэлийг зохих ёсоор шинэчлүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ирүүлж бүртгүүлбэл хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхөөр Хороо шийдвэрлээд байна.
Харин 8 дугаар сарын 31-ний дотор хаяг байршил, холбоо харилцаандаа орсон өөрчлөлтийг бүртгүүлээгүй хоршоодод Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулах юм.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ