Замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

Замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч ажлын хугацаанаас нь өмнө дуусгаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3 метр өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж, иж бүрэн замын ажлыг хүлээлгэн өгч байна.

Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноосоо хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Тиймээс зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Мөн нийслэлийн Авто замын сангийн 162 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 2-р хороо Партизаны 1,2 дугаар гудамжны 200 метр орчим холбох замын шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтийн үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу энэ онд Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт, Гадаадын зээл тусламж гэсэн 4 эх үүсвэрээр нийт 42 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, шинээр 10,9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилж, 5 байршилд шинээр нийт 3050м урт гүүр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан эдгээр замыг өргөтгөн, шинэчлэснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг хангах эдийн засгийн өндөр үр ашигтай ажил боллоо гэж дүгнэж байна.” хэмээлээ.

Авто замын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж