УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг огцруулахаар өргөх бичиг барьсан. Энэ үеэр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас дараах тодруулгыг авлаа.
-Засгийн газрыг огцруулах асуудалд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай бүлэг өргөн бариагүй. Засгийн газрын асуудлаар бүлэг хуралдаагүй байна. Энэ бичиг бол нэг намын өргөн барьж байгаа хүсэлт. Ээлжит бус чуулган зарлах хүрээнд манай бүлэг хуралдаж, саналаа нэгтгэнэ.
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхий сайдаа огцруулж байсан. Гэтэл МАН-ынхан энэ удаа Ерөнхий сайдаа огцруулахаар бичиг барилаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Би бол амьдралын дундуур явж байна. Манай Засгийн газар өмнө нь Ерөнхий сайдаа огцруулж нэлээд хүнд цаг үеийг туулсан. Энэ удаад МАН-ын гишүүд Засгийн газартаа дүн тавьж байна. Одоо УИХ-ын чуулганаар яригдах байх.
-Та хувь гишүүнийхээ хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Би хувь хүн, ахмад гишүүнийхээ хувьд энэ асуудлыг дүгнэх нь илүүц асуудал. Гэхдээ парламентад суудалтай 65 гишүүнээс 30 гарын үсэг зурсан тул зайлшгүй ярих ёстой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьсан байх. Гэхдээ цаг үе хүнд байгаа энэ үед ажлаа хийж байгаа Засгийн газрыг муулж, сайлж яримааргүй байна.