Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо есдүгээр сарын 2-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах шатрын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Ц.Батчулуун оролцоно.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тэрбээр маргааш эх орондоо ирэх аж. Ингээд долоо хоног амраад, Тбилиси хотыг зорих ажээ.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг анх ‘Дэлхийн бүс хоорондын тэмцээн’ нэртэйгээр 1950 оноос хойш гурван жилд нэг удаа зохион байгуулдаг байв. Хамгийн сүүлд 1993 онд болсон ба Олон улсын шатрын холбоо дотроо Мэргэжлийн шатрын холбоо болон задарч, хоёр тусдаа аваргаа тодруулдаг болоод байсныг 2000 онд нэгтгэн, В.Крамник аваргалж, удтал хүлээсэн маргааныг эцэслэсэн билээ.
Түүнээс хойш сондгой тоотой жил бүр эрэгтэйчүүдийн дунд, тэгш жилд эмэгтэйчүүдийн дунд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар байна.
Хуучин Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нэртэй байх үед монголчуудаас анх удаа 1963 онд, хуучнаар Югослав улсын Сплит хотноо ОУМ С.Хандсүрэн оролцож, анхны шанг татсан түүхтэй. Түүнээс хойш 1967 онд Тунис улсын Сус хотноо МУГТ, ОУМ Л.Мягмарсүрэн, 1970 онд Испаний Пальма де Майорка хотноо ОУМ Т.Үйтүмэн /дэлхийг шуугиулсан/, 1990 онд хуучнаар ЗХУ-ын Азов хотноо ОУМ Ц.Батцэцэг нар оролцож байлаа.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нэртэй болсноос хойш Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 2008 /цагаан хуудсаар/, 2010 онд шалгаран, оролцож байлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд анх удаагаа Их мастер Ц.Батчулуун оролцож гэж байна.
Баянхонгор аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубт харъяалагддаг түүний амжилтаас цухас дурдвал:
- Өсвөрийн шатарчдын улсын 6 удаагийн аварга
- Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ий шагналт 4-р байр /1998 он/
- Насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга
- Ази тивийн АШТ-ий шагналт байр /сүүлийн 3 жил/
- Эло буюу ОУ-ын чансаагаа Монголын шатарчдаас хамгийн өндөрт хүргэсэн тоглогч /live rating 2566/
Б.НЯМДАВАА