Монголын дүрслэх урлагийн бүтээлүүд Хонг-Конг дахь “ХанАрт ТZ” галерейd “Орчин үеийн Монгол “ буюу “Modern Mongolia”, ”Хээрээс хотын динамик хөдөлгөөн рүү” буюу “From steppe to urban dynamics” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Энэ нь Хонг-Конгт анх удаа зохион байгуулагдаж байгаа Монголын орчин үеийн дүрслэх урлагийн томоохон үзэсгэлэн юм. Хонг-Конгийн галерей нь “ХанАрт ТZ”, “ХанАрт талбай”, “ХанАрт Фотан студи” гэсэн гурван томоохон хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг тус бүрт нь манай үзэсгэлэн дэлгэгджээ. Үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг “ХанАрт Фотан студи”-д “Монголын орчин үеийн урлаг” сэдвээр лекц уншиж танилцуулсан байна. Тус үзэсгэлэнд манай талаас Монгол улсын төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, Ш.Чимэддорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Л.Бумандорж, М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг, С.Дагвадорж, зураач Ц.Нармандах, Д.Ганбаатар, Б.Баатарзориг, Б.Номин, М.Батзориг, Д.Үүрийнтуяа, Ц.Ариунтөгс, Д.Энхболд, С.Ганзүг, Ч.Баасанжав зэрэг 22 уран бүтээлчдийн уран зураг, онгол зураг, зураасан зураг, уран бичлэг, инстоляци төрлийг хамруулсан 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа юм. Энэ үзэсгэлэн нь нэг жилийн хугацаатай үргэлжлэх төсөл бөгөөд Бээжин хотод гаргах ажээ. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хурдацтай хөгжлийг Хонг-Конгийн үзэгчид үзэн өндрөөр үнэлэн хүлээн авсан байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд “HanArt TZ” галерейн захирал Con Zun CHan, уг үзэсгэлэнгийн куратор Ц.Уранчимэг болон үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож байгаа манай зураач, урчууд, олон улсын урлагийн нэр хүндтэй зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцжээ.
Г.Даша
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.