Америк тивийг дамнан энэ сарын 21-ний өдөр 100 жилийн түүхэнд анх удаагаа нар бүтэн хиртэж, хэдэн сая хүн байгалийн ховор үзэгдлийг харж баясчээ.
Номхон далайн баруун эрэгт орших Орегон муж улсаас Атлантын далайн зүүн эрэгт орших Өмнөд Каролина муж улс хүртэлх зурвас бүсэд 1918 оноос хойш анх удаагаа бүтэн нар хиртэлт ажиглагдсан байна. Нар хиртэлтийг ойролцоогоор 200 сая хүн үзэж сонирхжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн олон хүн ажигласан, хамгийн их баримтжуулсан нар хиртэлт боллоо гэж НАСА агентлаг мэдээллээ. Ореган муж улсын 7000 хүн амтай Мадрас сууринд л гэхэд нар хиртэлтийг харахаар 100 гаруй мянган хүн цугласан байсан аж. Иллинойс муж улсын Карбондейл хотод бүтэн нар хиртэлт хамгийн урт буюу 22 минут 44 секунд ажиглагдсан гэнэ. “Үнэхээр гайхамшигтай байлаа. Зуун жилд ганц тохиолдох байгалийн ховор үзэгдлийг харлаа. Миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг болж өнгөрлөө” гэж Миссури муж улсаас Иллинойсоос ирж нар хиртэлтийг үзсэн Грегг Толанд ярьжээ. Нар хиртэлт анх Ореган муж улсын Линкольн хотод орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:16 цагт ажиглагдсан бол хамгийн сүүлд Өмнөд Каролина муж улсын Чарльстон хотод үдээс хойш 2:48 цагт ажиглагджээ.
Харин Ореган мужид нар хиртэж эхэлснээс хойш нэг цаг 30 минутын хугацаанд Идахо, Монтана, Вайоминг, Небраска, Канзас, Айова, Миссури, Иллинойс, Кентакки, Теннесси, Жоржиа, Хойд Каролина, Өмнөд Каролина гээд бүс нутаг даяар ээлж дараалан нар хиртсэн байна. Нар хиртэлтийг жижиг тосгоноос эхлээд томоохон цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгалийн ховор үзэгдлийг ажиглах боломжтой газар бүрт маш олон хүн цугларч, тусгай нүдний шил ашиглан сонирхож байжээ. Иллинойс мужийн Карбондейл хотынхон өөрсдийгөө “Америкийн нар хиртэлтийн огтлолцох цэг” хэмээн нэрлэжээ. Тус хотод 2024 онд ч гэсэн нар хиртэлт болох юм байна. Улмаар түүнд бэлтгэн өөрсдийгөө ийн нэрлэжээ. Хотын захиргаанаас энэ удаагийн байгалийн онц содон үзэгдэлд зориулж, нийт 60 гаруй мянган машины зогсоолыг бэлтгэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч гэр бүлийнхээ хамт нар хиртэлтийг үзэж сонирхжээ. Тэрбээр Вашингтон ДС хотод гэргий Милания Трамп, хүү Барроны хамт нарны хүчтэй туяанаас нүдийг хамгаалах тусгай зориулалтын шил зүүн байгалийн үзэгдлийг үзэж сонирхсон байна.
Олон улсын сансрын буудалд байрлаж буй Италийн сансрын нисгэгч Паоло Несполи нар хиртэлтийн дэлхий рүү тусгаж буй сүүдрийг гэрэл зурагт буулгаж авчээ. Нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг нар хиртэлт гэдэг юм. Дэлхийгээс харахад, нар хиртэх үед сар нь нартай адил хэмжээтэй болдог. Энэ нь сар голчоороо нарнаас 400 дахин жижиг боловч дэлхийд нарнаас 400 дахин ойр оршдогтой холбоотой гэнэ. Ингээд нар сар давхацсанаар тэнгэр харанхуйлдаг байна. Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох аж. Харин америкчууд 2045 оноос нааш хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлтийг харахгүй нь ээ. Тэгвэл АНУ-аас гадна гэвэл 2019 онд Номхон далайн өмнөд хэсэгт Чили болон Аргентинд нар бүтэн хиртэх ажээ.
Эх сурвалж: mminfo.mn
Холбоотой мэдээ