Оторлохдоо халдварт өвчин тараах нь онцгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Оторлохдоо халдварт өвчин тараах нь онцгүй

Оторлохдоо халдварт өвчин тараах нь онцгүй

Манай малчид өнгөрсөн өвөл 61.5 сая толгой мал тоолуулж, хавар нь 21.9 сая төл хүлээн авчээ. Одоо малын тоо толгой 80 саяыг даваад байна. Монголчууд жилд 10 гаруй сая мал нядалж, махныхаа хэрэгцээг хангадаг. Харин энэ жил ихэнх нутгаар ган гачигтай тааруухан зуншлаа.

Тодруулбал, нийт нутгийн 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай зусчээ. Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзээд энэ жил ойролцоогоор 14 сая мал гаргахаар төлөвлөж буй аж. Ингээд улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжинө гэдэг статистикийг салба­рын яамнаас нь гарга­жээ. Хам­гийн асуудал­тай нь нийт нутгийн 77 хувь нь ган­тай болон гандуу зуссан уч­раас отор нүүдэл хийх нь гарцаагүй.

Одоогийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймагт өвсний гарц сайн байгаа юм. Малчин хүн уулын цаадахыг сонордож, усны тунгалагийг хардаг ухаан чадалтай учраас чихэнд чимэгтэй энэ мэдээг хэдийнэ сонсч мэдэлгүй яах вэ. Урьдчилсан байдлаар ган гачигтай зуссан аймгуудын 21.4 мянган малчин өрх 9.2 сая малаа Сүхбаатар болон Дорнод аймгийн нутагт оторлож өвөлжүүлье гэдэг хүсэлтэй байгаа юм байна.

Гагцхүү өнгөрсөн оны эхээс өнөөдрийг хүртэл 13 аймгийн 80 гаруй суманд шүлхий, мялзан, цэцэг зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, гарсаар ч байна. Хамгийн сүүлд гэхэд Хэнтий аймагт үхэр хэд хэдээрээ үхжээ. Яг ямар өвчний улмаас ийн үхэж үрэгдсэнийг тодруулахын тулд шинжилгээний дээжийг хот руу явуулаад байгаа ч хариу нь хараахан гараагүй байгаа гэнэ.

Юутай ч зүүн гурван аймгаас үхрийн мах хот руу оруулахгүй байгаа аж. Зарим малчин отрын малын хөлөөр мал амьтны гоц халдварт өвчин тарсан байж болзошгүй гэж сэжиглэж буй бол нөгөө хэсэг нь бэлчээр усны доройтлоос болоод малын өвс, тэжээл шимгүйдэж давжаарч байгаа.

Улмаар зарим ядарсан мал тэжээлийн дутагдалд ороод турж үхэж байна гэж таамаглаж буй юм билээ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн сард ХХААХҮЯ-аас “Отрын мал гоц халдварт өвчин тархсан бүс нутгаас эрүүл газарт очиж мал, амьтны өвчин тарааж байж болзошгүй” гэж таамаглаж буйгаа мэдэгдэж байсан юм.

Тиймээс сум, орон нутгийн төвшиндөө энэ ажилд хариуцлагатай хандаж, бүх малаа үзлэг шинжилгээнд бүрэн хамруулахыг сануулж байв. Үзлэг шинжилгээнд хамрагдсан малыг бичиг баримтжуулж, бусад аймгийн нутагт оторлох болбол бүрдүүлсэн бичиг баримтаа тухайн аймаг, сумын Засаг дарга нарт шалгуулах, Засаг дарга нар ч отрын малын бичиг баримтыг заавал үзэх ёстой аж.

Харин энэхүү үүрэг даалгаврыг бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжүүлж буйг байсхийгээд л гарсаар байгаа мал, амьтны гоц халдварт өвчин, түүний тархалт, давтамж илчлээд өгнө. Энэ нь цаашилбал Монгол Улсын эдийн засагт ч тодорхой хэмжээгээр хор хохирол учруулж буй юм. Манай улс импортлогч биш үйлдвэрлэгч орон болох хүсэл мөрөөдлийг тээж байна. Ухдаг биш ургуулдаг, дуусч дундардаг биш өсч үрждэг баялгийг бүтээхийн төлөө буюу ногоон эдийн засгийн үзэл баримтлалыг ч сүүлийн жилүүдэд илт дэмжиж байгаа. Гэхдээ бидэнд бас нэг алдаа байна.

Тухайлбал, бэлчээрийн мал үржил шимтэй газрын хөрсөнд ургасан өвс ургамлыг сорчилж идэн, усны тунгалагийг уудаг учраас монгол малын мах дэлхийд байхгүй чанартай хэмээн сурталчилдаг. Ингээд хамтарч ажиллая, энэ тэр гээд гадаад, дотоодын түншүүдтэйгээ ярьж байгаад эргээд хартал энд ч шүлхий, тэнд ч цэцэг гэх нь даанч харамсалтай.

Соёлт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн ажиллаж, амьдаръя гэвэл дэлхийн стандарт, орчин үеийн жишгийг хүссэн хүсээгүй дагах л хэрэгтэй. Ядаж л малчин өрх бүр малаа үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, шаардлагатай вакциныг цаг тухайд нь хэнээр ч шахаж шаардуулахгүй хийлгэдэг хэвшилд сурмаар байна.

Үнэхээр өвс тэжээлийн доройтолд орсон мал байгаа бол тусгай арчилгаа сувилгаа гээд эзэн хүний сэтгэл зүтгэлээс шалтгаалах ажил бас олон. Гэтэл амьжиргаа муутай зарим малчин буянт малаа үзлэг шинжилгээнд хамруулж вакцинжуулах нь байтугай дөрвөн улирлын турш нэг л нутаг дээрээ бүр суурьшдаг болжээ.

Ийм хүмүүс малынхаа удмын санд санаа зовохгүй гэдэг нь тодорхой. Эцэст нь хүний өөрийнгүй ойр орчимд байгаа мал гэнэт өвчилнө. Муу хүн нутаг усандаа балагтай гэгч энэ буюу. Улмаар улс Монголынхоо хөгжил дэвшлээс хойш татаад эхэлж байна. Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу “Баатарын алтан соёмбо хоттой хонин дотор маань байсан юм билээ” гэж нэгэн цагт хэлж байсан юм. Тиймээс дор бүрнээ хичээж ухаантай л амьдарцгаая!

Эх сурвалж: mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж