Цагаан хадыг хаах нь төрд ашигтай ч, хувьд ашиггүй

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Цагаан хадыг хаах нь төрд ашигтай ч, хувьд ашиггүй

Цагаан хадыг хаах нь төрд ашигтай ч, хувьд ашиггүй

Гашуун сухайтын боомтоор хил гарахаар дугаарласан нүүрсний машины цуваа өнөөдрийн байдлаар /2017.08.23/ 90 км-т хүрчээ. Энэ сарын эхээр 150 км-т хүртэл үргэлжилсэн нүүрсний машины цуваа 14 хоногийн дотор 60 км-ээр л багасчээ.

Гэхдээ нэг жолооч хил давахын тулд 14 хоног дугаарлаж байгаа аж. Ганц модын боомтоор өмнө нь өдөрт 1000 машин нэвтэрдэг байсан бол хөдөлгөөний урсгал нь 50 хувиар саарч, 400-500 машин арай ядан гардаг болжээ. Наадмаас хойш гэдийсэн Хятадын тал зөөлөрч, өчигдрөөс /2017.08.22/ Ганц модын боомтын үйл ажиллагаагаа хэвийн болгож, нийт 993 машиныг хилээрээ нэвтрүүлсэн гэж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тайлбарлав.

Хятадуудаас болж гацсан нүүрсний машины дараалал ингэж жигдэрч эхэлсэн ч, нүүрсний тээвэртэй холбоотой өөр нэг маргаан дотоодод гарч эхэллээ.

Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн /2017.08.17/ хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад”  гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Энэ засгийн тогтоолыг Гаалийн ерөнхий газраас “Цагаан хад”-д гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан есөн хувийн компани, орон нутгийн “Тавантолгой” компани, тухайн хяналтын бүсийг хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, нүүрсний тээврийн компаниудын  төлөөлөл  эсэргүүцэх болсон. Тэд    “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага /ТББ/ байгуулжээ. “Цагаан хад” гаалийн  хяналтын бүсийг нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж,  2006 онд  Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж  байгуулсан байдаг. Гэтэл Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах шийдвэр гаргасан гэж “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ үзэж, эсэргүүцэв.  Тэд “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох,  түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой. Гэвч Засгийн газар илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа” хэмээн ярьсан юм.

Мөн одоо 90 км үргэлжлэх нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дарааллыг Цагаан хадны боомтыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол, аваарыг нэмэгдүүлэх магадлалтай гэлээ.

Энэ тухай Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “ Цагаан хаданд олон хүмүүс цуглардаг, гэмт хэрэг зөрчил гарах, хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн гаргадаг гэсэн  үүднээс хаасан. Гэхдээ энэ асуудлыг цэгцлэх бүрэн боломжтой. Өмнө нь Засгийн газраас 30 хүний орон тоотой цагдаагийн хэлтэс байгуулах тогтоол гарсны дагуу цагдаагийн тасаг ажиллаж байна. Эмч, сувилагчдыг ажиллуулах төсөв нь батлагдсан. Багийн дарга нь томилогдсон гээд яг энэ асуудлуудыг шийдэхээр төлөвлөөд, ажлаа эхлүүлсэн” гэв.

ТАВАНТОЛГОЙ УУРХАЙ НҮҮРСНИЙ АЧИЛТАА ТҮР ЗОГСООЖЭЭ

Асуудлыг бүхэлд нь харвал, Гашуун сухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд орон нутгийн Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг буулгаж, дамжуулан ачих процесс явагддаг аж. Энэ нь орон нутгийн Тавантолгой компани болон хувийн машинаараа нүүрс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд ашигтайг албаны эх сурвалж хэлэв. Харин байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна Ганц модын боомт руу нүүрс зөөх машинуудын хөдөлгөөний эрчимд саад болдог нь тус боомтыг хаахад хүргэсэн бололтой. Мөн  хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломжийг бүрдүүлж байна гэж Засгийн газар үзсэн юм.

“Манайд одоохондоо дээрх шийдвэр албажин ирээгүй ч, шийдвэрийн хэрэгжилтэд бэлдэж, шинээр нүүрс буулгахгүй байх зааврыг Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд өгсөн. Мөн зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгжээ хохироохгүй байх үүднээс есдүгээр сарын 4-ний дотор овоолоостой буй 89 мянга орчим тонн нүүрсээ Гашуун сухайтын боомт руу тээвэрлэж дуусах чиглэлийг өгсөн” хэмээн Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч В.Болормаа ярив. Тиймээс Тавантолгой уурхай нүүрсний ачилтаа түр зогсоожээ.

НҮҮРСИЙГ ЗӨВХӨН УРТЫН УРТ ТЭЭВРЭЭР БНХАУ-РУУ ЗӨӨНӨ

Урд хөрш рүү экспортлох нүүрсний тээврийг уртын урт, уртын, богинын гэж жолооч нар гурав ангилдаг. Уртын урт нь Таван толгойн ордоосоо нүүрсээ ачаад замдаа буулгахгүйгээр шууд хилээр гаргах. Урт нь Таван толгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэр, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Ганц модны боомтоор орж, буулгах хүртэлх тээврийг богинын гэж нэрлэдэг байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар цаашид нүүрсийг урд хөрш рүү зөвхөн уртын урт тээврээр зөөх юм.

Сум дамнасан энэхүү тээвэрлэлтээс үүдэж бэлчээр талхлагдаж, их хэмжээний тоосжилт үүсэн хөрс нь бохирдох болжээ. Энэ нь бүх байгаль орчин болоод нутгийн уугуул оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэйг дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам засаг барих үед Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээлж, мөн л тус хяналтын бүсийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан удаатай. Тухайн үед Цагаан хадны гаалийн хяналтын талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох үүргийг салбарын яам нь хүлээсэн ч, одоогоор энэ талын дүгнэлт судалгаа байхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж