Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2017.08.22/ захирамж гаргаж, орон тооны бус зөвлөхүүдээ томиллоо. Нэр бүхий 16 хүнийг нэгэн зэрэг томилсон захирамж гарснаар Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь албан ёсны зөвлөхүүдээ томилсон. Шинэ Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр Норовын Алтанхуяг, Соёл, шашны бодлогын Цоодолын Хулан, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр Даваахүүгийн Пүрэвдаваа нар албан ёсоор томилогдон ажиллаж байна. Харин А.Гансүх, Д.Дагвадорж нар Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилогдсон.
Тэгвэл өчигдөр томилогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүд дунд олны танил онцгой чухал хүмүүс ч байна, ор танихгүй битүү морьд ч байна.
Ерөнхийлөгч,
- Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан,
- Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан,
- Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан,
- Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
- Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан,
- Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан,
- Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
- Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан,
- Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан,
- Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан,
- Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
- Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан,
- Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан,
- Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан,
- Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан,
- Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон.
Төрийн тэргүүнд зөвлөнө гэдэг төрийн тэргүүний гаргах шийдвэр, барих чиглэлд нөлөөлнө гэсэн үг. Цалин мөнгө, эрх ямбаас илүүтэй үүрэг хариуцлага, үнэнч шударга зан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх гэхчилэн олон шалгуураар зөвлөхүүдээ сонгодог жаягтай. Үе үеийн төрийн тэргүүнүүд тийм л хүмүүсийг зөвлөхөөрөө томилж, өөрсдийн дутуу дулимгаа нөхөж ажилласаар ирсэн. Орон тооны бус зөвлөх гэдэг улсын төсвөөс цалин мөнгө авдаггүй хэдий ч Ерөнхийлөгчид өмөг түшиг болж, хариуцсан салбарынхаа жаргал зовлонг хамгаас илүү мэддэг, тэр болгоноо төрийн тэргүүнд зөв талаас нь ойлгуулдаг ойр дотнын хүн байх нь тодорхой.
Нэр бүхий хүмүүсийг шинээр томилсонтой холбогдуулан өмнөх Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Д.Сосорбарам, Ц.Бямбажав, Х.Цагаанбаатар, Ч. Отгочулуу, Б.Бямбасайхан нарыг чөлөөлсөн захирамж өчигдөр мөн гарсан. Шинэхэн Ерөнхийлөгчид маань эдийн засгийн зөвлөх нэг ч алга. Халаагаа өгч буй Ч.Отгочулуу, Б.Бямбасайхан гэх чадалтай залуусаа байг гэхнээ эдийн засгийг мэдэрч, уншиж, ойлгож чадах хүнийг зөвлөхөөрөө авсан бол илүү хэрэгтэй байлаа.
Тэгсэн хэр нь жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан зөвлөх хоёр бий. Тэдний нэг нь “Монгол буйдан” ХХК-ийн захирал Чулуунбаатарын Ганбат. Тэрбээр үйлдвэрлэл эрхлэгч гэхээсээ илүүтэй гэрэл зурагт зүрх сэтгэлээ өгсөн хүн гэдгээрээ олонд танигдсан. Ялангуяа спортын хүрээнийхэн андахгүй. Мөн соёл урлагийн салбарынхан ч түүний буулгасан гайхалтай сайхан зургаараа гайхуулах юм билээ. Гэхдээ мэдээж компаниа олонд таниулахад үүрэг оролцоотой байсан биз. Нэр нэгтийн чих нэг гэгчээр Ч.Ганбатыг “бидон” хочит экс гишүүн Д.Ганбат, төмөр замын хэргээр эх орноосоо оргон зайлсан Чулуунхүүгийн Ганбат нартай андуурч хэсэг шуугиад амжсан.
Жижиг дунд үйлдвэрлэл дээр Ерөнхийлөгчид зөвлөх Лувсандоржийн Баян-Алтай бол жинхэнээсээ битүү морь. Орон нутагтаа, эсвэл намдаа, нам доторх фракцидаа зам мөртэй нэгэн байхыг үгүйсгэхгүй ч олонд бол алдаршиж амжаагүй. Мөн Ерөнхийлөгчид Даньдиагийн Жаргалсайхан Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар зөвлөнө. Д.Жаргалсайханыг ‘Цахилгаан тээвэр’-ийг удирдаж байсан гэвэл таних хүн олон байх. Тэрбээр компанийнхаа ерөнхий инженерээр ажиллаж байхаасаа л шинийг санаачлагч гэдгээ харуулсан Энэ мэт бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг зөвлөхийн багтаа оруулж, Ерөнхийлөгч үйлдвэрлэлийг онцгойлон чухалчилж байгааг буруутгах гэсэнгүй. Гэхдээ улс орны эдийн засгийг бүхэлд нь тольдох хүн зайлшгүй хэрэгтэй санагдана.
Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхүүдээс олны анхаарлыг татсан хүн бол элдэв “бичлэг”-ээр алдаршиж байгаа Б.Баатар. Сонгуулийн үеэр хамаг хар бор ажлыг нь хийсний хувьд түүнийг хоосон үлдээх нь зохисгүй гэж Ерөнхийлөгч үзсэн байж болох. Эсвэл ирэх дөрвөн жил Монголын кино урлагийг хөгжүүлж, эдийн засагтаа тус нэмэр болохыг бодсон ч байж магадгүй. Ямартаа ч Херо Б.Баатар болон жүжигчин Н.Оргил нар Ерөнхийлөгчид кино урлагийн асуудлаар зөвлөхөөр болж байна.
Ерөнхийлөгчийн томилгоон дундаас гайхширал төрүүлж буй бас нэгэн хүн бол Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цогтжаргалын Ууганбаяр. Тэрбээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Юнайтед Прожектc Корпорейшн ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг Хаусинг прожект ХХК”-ийн ТУЗ-ийн дарга гээд олон гуншинтай. Хойшид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНХАУ болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Нэг зам – нэг бүс ” хөтөлбөрийг өөрийн орныг төлөөлөн голлон хариуцна гэсэн итгэл хүлээлгэж байгаа гэх. Гэхдээ сонгуулийн үеэр хар машин худалдаж авахыг санаархсан дуулианд холбогдож явсан нэгэн.
Шагдарын Батцэцэг, Чулуунбаатарын Чулуунцэцэг,Самбуудоржийн Пүрэвсүрэн нарын шавхийсэн шаггүй хүүхнүүд Ерөнхийлөгчийн зөвлөхийн багт чимэг болон орж иржээ. Ш.Батцэцэгийн хувьд Индонезид Элчин сайдаар ажилласан богинохон хугацаандаа эх орноо таниулах үйлсэд шамдан ажилласныг магтахаас аргагүй.
Зөвлөхөөр томилогдсон бүсгүйчүүд дунд төр түшиж, түмэн олноо төлөөлж явсан ганц хүн бол Л.Эрдэнэчимэг. Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргын алба хашиж явсан. Түүний санаачлан батлуулсан Тамхины хяналтын тухай хууль хамгийн сайн хэрэгжсэн хуулиудын нэгд тооцогддог. Гэвч магтаад байгаа хүн маань Төрийн ордонд архи ууж, тамхи татсан асуудлаар нэр хүндээ багагүй сэвтээсэн нэгэн. Харин одоо урьд өмнөхөөсөө ухаан сууж, учир мэдэх болсон биз ээ. Энэ мэт алаг цоогтой эрхмүүд Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүнээр томилогдлоо.
Холбоотой мэдээ