“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам 8 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд Унгар улсын Бугац, Теглаш, Дэбрэцэн, Будапешт хотуудад ажиллалаа.
Унгар Улсын Бугац хотод 2017 оны 8 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд уламжлал болгон зохиогддог Нүүдэлчдийн наадамд оролцлоо. Уг арга хэмжээнд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг төдийгүй гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагддаг бөгөөд энэ жил “Өвөг дээдсийн өдөр” нэрийн дор зохиогдож 50 гаруй мянган зочид, жуулчид ирж сонирхлоо. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг арга хэмжээнд монгол үндэсний 2 гэр барьж, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг танилцуулж, Элчин сайд Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэлүүдийг тавилаа.
8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Унгар улсын Теглаш хотод Уламжлалт нум сум харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн, 8 дугаар сарын 20-ны өдөр Дэбрэцэн хотод уламжлал болгон зохион байгуулагддаг Цэцгийн фестивальд Уламжлалт нум сум харвааны үзүүлбэр тоглолтод Монголоос нум сум харвааны тамирчин Х.Даваажаргал, А.Дагзмаа, Д.Цэцэгмаа, Р.Намуун нар ирж оролцов. 8 дугаар сарын 20-ны өдөр Дэбрэцэн хотын цэцэрлэгт хүрээлэнд Монгол дэмжигчдийн хамт Монголоос нум сум харвааны үзүүлэх тоглолтыг хийлээ.
Унгар Улс төрт улс болсны баяр 8 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Унгар Улс, Будапешт хот, Хааны ордонд / Buda Castle/ зохиогдсон Гар урлалын наадамд Монгол улс хүндэт зочноор уригдан оролцлоо. “Гар урчуудын наадамд” жил бүрийн 8 дугаар сарын 17-20-нд Унгарын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан болдог энэхүү арга хэмжээнд Хятад, Вьетнам, Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг олон улсууд хүндэт зочноор оролцож байжээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас монгол дарханы гар урчууд, уран хатгамал, нум сум харваа зэрэг чиглэлээр 20 гаруй хүн Монголоос ирж оролцлоо. Наадамд оролцогчид нь өөрийн худалдаалж буй бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж байгаагаа худалдан авагчдад үзүүлж байснаараа онцлог байлаа. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд Элчин сайд З.Батбаяр үг хэлж, монгол гэрт Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэлүүдийг тавилаа. Монгол үндэсний 2 гэр, монгол асар барьж, 4 сурталчилгааны бүхээг байршуулж, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж буй тухай үзүүлэн, улс орноо сурталчилсан танилцуулга, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг танилцуулаа. Үндэсний уламжлалт “Хөх Монгол” хамтлаг төв болон туслах тайзнаа 2 удаагийн тоглолтуудыг хийлээ.
Дээрх арга хэмжээнүүд нь жил бүр уламжлал болгон зохиогдох бөгөөд Унгарын зохион байгуулагч тал, Монголоос ирсэн оролцогчид сэтгэл хангалуун байлаа. Ирэх жил Монголын талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцох боломжийн талаар ярилцахад Унгарын зүгээс бүрэн боломжоороо дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ