Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

25 жилд 15 засаг

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд 2017.08.23-ны 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавина” гэсэн зарыг твиттер хуудсаараа тараав. Энэ нь бол шинэ мэдээ огтоос биш бөгөөд эрх баригчдын дунд Ж.Эрдэнэбатын засгийн эсрэг эсрэг хүчин мэндлээд удаж байгаа юм. Ингээд У.Хүрэлсүхийнхний эхлүүлсэн, Ц.Нямдоржийн балиашиглаж, Ерөнхийлөгчийн өрдөж буй МАН-ын зодоон хаа хүрэх нь харин ч сонин байна.

Учир нь жаран тэрбум ба халиарчуудын зодоон дундуур Ерөнхийлөгчийн засаглалыг  дэмжсэн “мессеж”-ийг үе, үе сэвэх болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг чиглүүлсэн их том акцын эхлэл байж мэдэх юм

МАН муу байх тусмаа АН-д сайн.  АН муу байх тусмаа МАН-д сайн. Гэвч, Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох АН, МАН хоёулаа муу бол хэнд ашигтай вэ.  Энэ асуулт Ж.Эрдэнэбатын засаг огцрох уу, У.Хүрэлсүх намын дарга болох уу гэдгээс ч чухал сэдэв. Гэвч, үүнийг олж харах нүд үнэмлэхүй олонход байна уу?

Монгол Улс парламентын засаглалтай.  1992 онд  баталсан анхны ардчилсан Үндсэн хуулийн 25 жилийн ой  нь энэ онд тохиосон бөгөөд өнгөрсөн он жилүүдэд МАН, АН ээлжилж эсвэл хамтарч засаг барьж иржээ.  Энэ хугацаанд 15 /Ж.Эрдэнэбатын засгийг оролцуулбал/ засгийг байгуулсан байдаг. Ирэх өдрүүдэд МАН-ынхан Ж.Эрдэнэбатаа огцруулж, У.Хүрэлсүхээ Ерөнхий сайд болговол /тэр болтол зай ч байна, лай ч байна/ 16 дахь Засгийн газраа байгуулна гэсэн үг.

Дунджаар тооцвол Монголын Засгийн газрын “наслалт” 1.5 жил орчим. Ийм богинохон настай Засгийн газрууд мэдээж юу ч хийж, юу ч төлөвлөж чадахгүй.  Уг нь олон засаг сольж, олон хүн сайдын сэнтийгээр шагнуулснаараа Монгол хөгждөгсөн бол хөгжихөөрөө л нэг боллоо. Эндээс дүгнэхэд Засгийн газартаа ажил хийх бололцоог хүний өөрийн улстөрчид нь олгохгүй байгаа нь жижиг улсын том зовлон болжээ. Ийм улстөрчидтэй байхад дайсантай байгаад ч яахав.

Арав гаруй жил, дөрвөн ч парламент дамжин ярьж байгаа хуучирдаггүй нэг сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнөөдрийн улс төрийн хэрүүл, урвах шарвах асуудал, жаран тэрбумын дуулиан бүгд Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсны дохио.

Үндсэн хууль хэдий төр ард түмний хоорондын бодлогын баримт бичиг гэх ч үүнийг огтоос өөрчилж болохгүй  гэсэн хууль байхгүй. Үндсэн хуулиа сайжруулж, эрх мэдэл нь тарамдсан институциудээ байр байранд нь тавьж, засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох нь эцэг хуулийг өөрчлөх эхний том шалтгаан болж буй.

Монгол Улс өнөөдөр гурван Засгийн газартай, 76 сайдтай болсон. Эв нэгдлийн бэлгэдэл төрийн тэргүүн нь ч, хууль баталдаг субъект нь ч Ерөнхий сайд аятай гүйцэтгэх засаглалынхаа ажилд оролцдог, эрх барьж байгаа нам нь сандал суудлаа булаацалдаж засгаа унагаах нь ердийн үзэгдэл болсон. Намууд “хошууны булай”-гаа дэлгэх нь бидэнд сонирхолтой хэдий ч, үнэндээ муу ч, муухай ч гэсэн АН, МАН  бол Монголын улс төрийг авч яваа  хоёр гол хүчин мөнөөсөө мөн.  Энэ хоёр хүчин сул дорой, Монголын парламент дотроо хэрүүлтэй байх тусмаа хэн нэг зорилгоо гүйцээх ‘идэш’ нь болж магадгүй юм.  Хэдийгээр саарал ордны 76  шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг ч дэлхийн хоёр том эдийн засгийн, их гүрний  дунд оршиж буй, цөөн хүн амтай Монголын хувьд парламентын засгаа хадгалж үлдэх нь хамгийн зөв зам.

Гэсэн хэдий ч Монголд улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглал хоёроо нэг хүн, түүний баг авч явдаг парламентын сонгодог засаглалын мөн чанар нь алдагдсан. УИХ-ын сонгуулийн дараа үнэмлэхүй олонх болсон МАН-ын дарга М.Энхболд ч энэ жишгийг дагаж, З.Энхболдын алдааг давтаагүй бол нам нь  өнөөдөр задрах, хагарах дээрээ, засаг нь онхолдохдоо тулахгүй байсан ч биз.

УИХ, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг багасгах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх хэлбэрээр парламентын сонгодог засаглалыг бэхжүүлэх  асуудлыг тусгажээ. Харин үүний эсрэг парламентын засаглал Монголд тохирохгүй, олигархиуд төр барьж байна гэсэн ‘мессеж’-ийг тараах нь  эрх баригчдыг  хэрүүл хийх хойгуур сэм өдөлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол хууль санаачилдаг, шүүх, АТГ, УЕП-ыг томилдог эрх мэдэл бүхий институци. Хуулийн засаглалыг гартаа атгасан энэ институцийн төлөө  улстөрчид нүдээ ухаад өгөхөөс буцахгүй байгаа нь  өнгөрсөн зуны сонгууль ямар аймаар болсноос харж болохоор. Ийм учраас  л Ерөнхийлөгчийг ард түмнээсээ биш УИХ-аас сонгож Ерөнхий сайддаа өөрөө танхимаа бүрдүүлж, УИХ-аа тараах  эрх мэдэл олгоё.

Үнэндээ Бурхан Ерөнхийлөгчөөр томилогдлоо ч Х.Тэмүүжиний хэлснээр тогтолцоо нь мангас болгодог. “Мангас”-ыг томруулах эсвэл жижигрүүлэх эрх мэдэл нь МАН-ын 65-д бий. Тэд хэрэв нэгдэж чадвал шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж