Иргэн бүрт 550 ширхэг хувьцаа ногдоно

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Иргэн бүрт 550 ширхэг хувьцаа ногдоно

Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгд­сэн компанийг /консерциум/ нээлт­тэй хэлбэрээр сонгон шалга­руулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг ажлыг хэсгийг 2010 оны наймдугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын таван гишүүн багтсан байна. Тодруулж хэлбэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар нар багтжээ.

Ажлын хэсгийн өнөөдрийн мэдээлэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Энэбиш, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар оролцлоо.

Энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэх компанийн тендерийг хэрхэн шалгаруулах талаар хуралдах юм байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт 550 орчим ширхэг хувьцаа олгоно гэсэн үг юм. Харин үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьд дунджаар нэг компанид 30 орчим мянган ширхэг хувьцаа ногдох аж. Аж ахуй нэгжүүдийн хувьд нэг компани тус бүрт ногдох 30 орчим мянган хувьцааг Засгийн газраас нэрлэсэн үнээр худалдаж авах юм. Өнөөгийн байдлаар урьдчилсан тооцоогоор 43 мянган аж ахуй нэгж байна.  Нэрлэсэн үнэ гэдэг нь тухайн үеийн зах зээлийн хамгийн бага үнэ гэж ойлгох хэрэгтэй гэнэ. Үүнтэй холбоотой гол асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг эзэмших аж ахуй нэгжийн 25-аас дээш хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байвал хувьцаа эзэмших эрхгүй байх аж. Харин хууль ёсны дагуу 2010 оны зургадугаар сарын 30-аас өмнө байгуулагдсан компани нь татвар зэрэг элдэв зөрчилгүй бол хувьцаа эзэмших эрхтэй бөгөөд цаашид хувьцаагаа бусдад борлуулах бүрэн эрхтэй байх юм. Мөн Монгол Улсын иргэдэд хувьцаа эзэмшүүлхийн тулд иргэн бүрт хувийн данс нээх ажил хийгдэх ёстой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж