Шинэ нэр: Арьсан урлалын мастер

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Арьсан урлалын мастер

Шинэ нэр: Арьсан урлалын мастер

"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор арьсан урлалын мастер бүсгүйг онцолж байна. Түүнийг С.Энхтүмэн гэдэг. Тэрбээр Австри улсад ажиллаж, амьдардаг бөгөөд малын арьс ширийг урлагийн бүтээл болгон амилуулагч нэгэн билээ.

“Арьсан бүтээл туурвихад нэг дор олон техник хийж болно. Зураас гаргах, товойлгох, будах, хэв дүрсүүд цохих, өөр арьс наах, сүлжих, метиал, яс хослуулах, будах эсвэл нэг өнгөөр тоглоно. Надад энэ бүхэн сонирхолтой санагддаг. Нарийн дүрслэл тэр болгон гаргах боломжгүй учраас зохиомжийг урьдчилан төгс бодох ёстой. Тэгж байж арьсан бүтээл амилна” гэдгийг ярилцлагадаа онцолсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

 

ШОВХ ОВОГТОЙ САНЖАА ЭНХТҮМЭН: 1975.06.09

Төгссөн сургууль:

Нийслэлийн 81 дүгээр дунд сургууль /1991 он/

Дүрслэх урлагийн дээд сургуулийн Арьсан урлалын анги /1997 он/

Мэргэжил: Чимэглэх зураач

Одоо эрхэлж буй ажил: Австрийн Berufsvereinigung der bildenden Künstler Österreich” зураачдын холбооны гишүүн зураач

Сошиал хуудас: Senhuush Art /фэйсбүүк/


АНХНЫ АМЖИЛТ

-Миний хувьд 2000 оны сайхан дурсамжаасаа хуваалцъя. Тухайн үед Монголын урчуудын эвлэлийн хорооноос эмэгтэй зураачдыг Америкийн Нью-Йорк хотноо зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтийг санал болгосон юм. Тэгээд монголоос гурван эмэгтэй уран бүтээлч тэнцэж, дэлхийн 120 улсын зураачтай өрсөлдсөн. Гэтэл миний хоёр уран бүтээл сонгон шалгаруулах 60 бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийг авч байлаа. Тэр үед миний хөл газар хүрэхгүй нисэх мэт сэтгэл догдолж билээ.

Би үзэсгэлэнд “Шуурга”, “Гэр бүл” хэмээх хоёр бүтээлээ дэлгэсэн. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид намайг зурсан гэхээр гайхаж, “Сайн байна. Улам сайхан бүтээл төрүүлээрэй” гэж урам өгч байсан.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРЖ СУРСАН БЭ?

-Би хүүхэд байхаасаа л зураг зурах дуртай хүүхэд байсан. Гэрийнхэн маань намайг их дэмжиж, ээж минь ажлаасаа цаас цуглуулж, авч ирж өгнө. Намайг магтах болгонд урам орж зурдаг байлаа.

Ээж минь ажлаасаа хүмүүсийн хэрэглэхгүй, хаях гэж байгаа бичгийн цаасыг надад өгнө. Хүүхэд байхдаа Мартын наймны баяр, Хүүхдийн баяр болгоноор ээждээ зураг зурж өгч, бэлэглэнэ. Бас арван жилийн сургуульд сурч байхдаа ангийнхаа ханын сонинг дандаа хийж өгнө. Шинэ жилээр цаасаар чимэглэл өвлийн өвгөн, цасан ширхэг хийж, гэрийнхээ цонхон дээр хүртэл наадаг байлаа.

ЗУРААЧ МЭРГЭЖИЛТЭЙ ЗАЛУУ ХЭРХЭН АРЬСАН УРЛАЛ, СОНИРХОХ БОЛОВ?

-Анх 1991 онд гурван охин, зургаан хөвгүүнтэй Дүрслэх урлагийн дээд сургуульд Р.Ариунболд багшийн арьсан урлаг, хувцас загвар, дизайны анги шинээр нээгдэж байлаа. Надад тухайн үед арьсан дээр зураг зурна гэдэг их сонирхол татсан. Тэгээд л зориглоод элсэлт өгч билээ. Арьсан урлалын шинэ ангид маань зохиомж, мэргэжлийн, хар зураг, уран зураг, анатоми зэрэг хичээл ордог байлаа.

Миний хувьд зохиомж, мэргэжлийн хичээлдээ их сонирхолтой байсан. Би анх мэргэжлийнхээ хичээл дээрээ арьсаар үзэгний гэр хийж сурсан. Дараагаар нь би эмээлийн гөлөм дээр хээ зурахад их шантарч, гар минь өвдөөд арай гэж дуусгасан. Тэгэхэд анх удаа багш маань урам өгч, магтаж билээ. Тэр цагаас хойш надад арьсан дээр дүрс гаргахад маш амархан болсон. Сүүлд бодоод байхад багш маань биднийг сургахын тулд хэцүүгээс нь эхлүүлсэн юм билээ.

Ингэж л анх арьсан урлалд хөтлөн оруулсан Р.Ариунболд багшаасаа зөвхөн зурахаас гадна хэрэглээний урлаг гутал, цүнх,түрийвч гээд л их зүйлийг сурсан. Миний хувьд багшаараа маш их бахархдаг.

НЭГ БҮТЭЭЛ ХИЙХЭД ХЭР ХУГАЦАА ШААРДДАГ ВЭ?

-Миний хувьд зураг сэтгэлээс төрдөг учир тогтсон цаг хугацаанд бүтээхэд хэцүү. Заримдаа нэг зураг эхлээд бүтэн жил дуусахгүй байхад сэтгэлдээ дүрслээд бодож байсан зураг өдрийн дотор зурах жишээтэй.

АРЬСАН УРЛАГИЙН ОНЦЛОГ?

-Арьсан бүтээл туурвихад нэг дор олон техник хийж болно. Зураас гаргах, товойлгох, будах, хэв дүрсүүд цохих, өөр арьс наах, сүлжих, метиаль яс хослуулах, будах эсвэл нэг өнгөөр тоглоно. Надад энэ бүхэн сонирхолтой санагддаг . Нарийн дүрслэл тэр болгон гаргах боломжгүй учраас зохиомжийг урьдчилан төгс бодох ёстой. Тэгж байж арьсан бүтээл амилна. Бүтээлээ туурвих үед нэг буруу дүрс зурвал арилгах боломжгүй. Тиймээс нямбай хянуур зурах ёстой. Гарын хүч их шаарддаг тул анхлан сурч байгаа хүн шантрах үе байдаг юм.

АВСТРАЛИД УРЛАГИЙН ЭНЭ ЧИГЛЭЛ ХЭР ХӨГЖСӨН БАЙДАГ БОЛ?

-Aвстри улсад арьсан хэрэглээний урлаг маш чадварлаг хөгжсөн. Арьсан зургийн сургалт байхгүй учраас энэ чиглэлээр мэдээлэл одоогоор алга.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ?

-Хамгийн сүүлд “Дэлхий” хэмээх бүтээл дээр ажилласан. Уг бүтээл дээр дан зураасаар дагнахыг хичээсэн. Нийтдээ бүтээлээ хийхэд долоо хоног зарцуулсан. Хүний амьдралын утга учир үр хүүхэд юм. Хүн бүр дэлхий дээр аз жаргалтайгаар амьдраасай гэж хүссэн. Тийм учраас бүтээл дээрээ салхи, байгаль, ихэр хүүхэд, мөрөөдлийг дүрсэлж, мэдрүүлэхийг хүссэн юм. Мөн энд зураачдын хамтарсан үзэсгэлэнд оролцсон.

УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ ВЭ?

-Уран бүтээлээрээ арьсны онцлог олон тexник, үндэсний уламжлалт арга барилгыг орчин үетэй хослуулахыг хичээдэг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цагаараа аялалд явах,усанд сэлэх, найзуудтайгаа уулзах дуртай. Мөн чөлөөт цагаараа арьсан урлалаар нэрийн хуудасны гэр, цүнх, түрийвч хийдэг. Бас өөртөө гоёл хийж, зүүх дуртай

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Бие даасан үзэсгэлэнгээ гаргах ойрын төлөвлөгөөтэй байна. Би өмнө нь Австрийн Грац, Вена хотод үзэсгэлэнгээ гаргаж байсан. Одоо өөрийн бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар Тироль хотын “Китз Арт” галерейтай холбоо тогтоогоод байгаа. Одоогоор тус галерейн уран бүтээлчидтэй мэйлээр холбогдоод байна. Тус галерейн ирэх 2018 оны үзэсгэлэнгийн төлөвлөгөөнд батлагдан гэж найдаж байгаа. 

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Хүн зорилгоо дагаад төлөвлөгөөгөө бий болгоно. Төлөвлөгөөгөө дагаад зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэлээ дагаад анхны алхмаа хийж, хөдөлмөрлөж хичээнэ шүү дээ. Хүн бүхэн өөрийн сурсан, хийж чадах зүйлээрээ амжилт авчраасай гэж би хүсдэг. Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо нууцалмаар байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуус маань өөрийн мөрөөдлөө бүү хая. Өөрийнхөө сонирхолтой, дуртай ажил мэргэжлийг, олж мэдэх хэрэгтэй. Тэгвэл сэтгэл хангалуун, бас амжилттай амьдарна. Мөн хийж байгаа зүйлдээ дуртай, чин сэтгэлээсээ хандаж байгаасай. Тэгж чадвал үр шимийг нь заавал хүртэх болно гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж