Цахимаар бүртгүүлээгүй бол сугалаанд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Цахимаар бүртгүүлээгүй бол сугалаанд оролцохгүй

Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад ердөө нэг өдрийн хугацаа үлдээд байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Тиймээс эцэг, эхчүүддээ зориулан нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга О.Чинзоригоос тодруулсан мэдээллийг хүргэе.

  • Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий. Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байна.

  • Цахим бүртгэлийн системийн “Бүртгэл” цэсэнд хандаж, хүүхдийн регистрийн дугаарыг оруулан хайх товч дарснаар таны хүүхдийн хувийн мэдээлэл болон орж болох цэцэрлэгийн жагсаалт гарч ирнэ. Холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулснаар таны хүүхэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.

  • Эцэг, эхчүүд хуучин амьдарч байсан хорооны бүртгэлийн ажилтан дээр очиж, хүүхдээ хамт шилжүүлэн хасалтыг хийлгэх шаардлагатай. Ингэснээр одоо амьдарч байгаа хаяг дээр бүртгүүлнэ. Хэрэв та хүүхдээ хуучин хаяг дээрх цэцэрлэгт бүртгүүлсэн бол одоо амьдарч байгаа дүүргийн боловсролын хэлтсийн утсаар холбогдон хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлж, хаягаа шалгуулан шинэ хаягаараа цэцэрлэгт бүртгүүлээрэй.

  • Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санамсаргүй түүврийн аргаар программ бичих кодыг баталгаажуулахаар Тагнуулын ерөнхий газар өгчихсөн байгаа. Уг санамсаргүй түүврийн аргаар сугалааг зохион байгуулахад ямар нэгэн хүний оролцоо байхгүй гэдгийг албаныхан хэллээ.

  • Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр 197 хоёр настай хүүхэд бүртгүүлээд байна. Гэтэл тухайн цэцэрлэг 160 хүүхдийг элсүүлж авна. Тиймээс нийт бүртгүүлсэн 197 хоёр настай хүүхдүүдийн дунд сугалааг зохион байгуулж, 160 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэсэн үг.

  • Энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч элсэлтийг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгт элсэхээр сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэл нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулах болно.

  • Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд таны хүүхэд тухайн цэцэрлэгт “хамрагдсан”, “хамрагдаагүй” гэсэн мессеж ирэх юм байна. Тухайн цэцэрлэгийн гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг бүртгүүлсэн кодоор нь нийтэд ил танилцуулах гэнэ.

  • Багахангай дүүргийн цэцэрлэгт хамгийн бага буюу хоёр настай 45 хүүхэд авахаас 37 хүүхэд бүртгүүлээд байгаа ажээ.

  • Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу хоёр настай 5328 хүүхэд бүртгүүлснээс 2037 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх гэнэ.

  • Хамгийн их хүүхэд бүртгүүлсэн 80 дугаар цэцэрлэгт 360 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 70 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх юм байна.

  • Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж