Монголбанкнаас баримталж буй бодлогын бас нэгэн өрөөсгөл алдаа нь хоёр хөршийн мөнгөний бодлогын арга хэмжээ, инфляцийн нөхцөл байдлын талаар огт харгалзахгүй “ертөнцөөс тасарсан” мэт авирлаж байгаа явдал юм. Тухайлбал БНХАУ инфляцийг бууруулж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор зээлийн бодлогын хүүгээ нэмсэн. Тус улс сүүлийн дөрвөн жилд нэг ч удаа бодлогын хүүгээ өсгөөгүй байсан ч одоогоор 5.31 хувиас 5.6 хувь хүртэл нь нэмчихээд байгаа. Ингэснээр жилийн хадгаламжийн хүү нь 2.25 хувиас 2.5 хувь болон өсчээ.
Өмнөх удирдлагуудын үед манай эдийн засгийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон хөрш орнууд, бусад идэвхтэй харилцаатай орнуудын эдийн засаг, инфляци, мөнгөний бодлогын нөхцөл байдал нь манай бодлогын салшгүй нэг хэсэг, нэг биеийн эрхтэн мэт цогц уялдаатайгаар бодлогоо боловсруулж чаддаг байсан. Тиймээс ч хямралын гэтлэх арга механизм нь амжилтад хүрч өнөөдөр хямралын үеийнхээс илүү сэргэсэн гэсэн үнэлгээг гадныхнаас авч байна. Энэ бол тэр үеийн Монголбанкны удирдлагуудын хийсэн ажлын үр дүн өнөөдөр харагдаж байгаа хэрэг бөгөөд жам ёсны хатуу хуулийн үр нөлөө ч гэж хэлж болох юм.
Монголбанк, Гадаад харилцааны яамнаас хамтран “Макро бодлогын асуудал” сэдэвт гадаад секторын дөрөвдүгээр зөвлөлгөөнийг саяхан зохион байгууллаа. Уул уурхай болон бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж буй энэ цаг үед гадаад орчноо чагнасан, мэдээлэл солилцсоноороо уг зөвлөгөөн чухал ач холбогдолтой боллоо. Мөн энэ онд учирч болох эрсдлийг тодорхойлон ярилцсан. Хамгийн том аюул нь инфляцийн хурдац нэмэгдэх, банк, санхүүгийн салбарын хөгжил сулрах, импортын нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, ХАА-н салбарт учрах байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг болохыг мэргэжилтнүүд онцлон хэлж байна.
Өнгөрсөн жилийн өдийд инфляци өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн. Тухайн үед Монголбанкны холбогдох албаны хүмүүс инфляцийн өсөлтийг зуд болон зудаас үүдсэн махны хомсдолтой холбон тайлбарлаж байв. Гэвч махны үнэ буурсан ч байдал дээрдсэнгүй. Инфляцийн өсөлт эрчээ алдахгүй байсаар өндөр алдагдалтай төсөвтэй золголоо. Харин цаашид инфляци хэдий хүртэл өсөх, бэлэн мөнгө тараах зэрэг улс төрийн шийдвэрүүд үүнд хэрхэн нөлөөлөхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна. Гагцхүү хямралын үеийнх шиг өсвөл бидний авдаг талхны үнэ хэд дахин өсч, ард түмний амьжиргаа доройтно гэдэг л тодорхой байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин