Хөвсгөл аймагт хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт хэлэлцүүлэг эхэллээ

Хөвсгөл аймагт хэлэлцүүлэг эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.22) Хөвсгөл аймгийн Тариалан суманд боллоо. Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар болон Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөл оролцов.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авах олон нийтийн хэлэлцүүлэг явагдаж байна. УИХ-ын Тамгын газраас томилсон ажлын хэсэг энэ өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм. Баруун бүсийн өнөөдрийн олон нийтийн хэлэлцүүлэгт зургаан сумын иргэдийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан. Үндсэн хууль бүрт тухайн цаг үеийн шаардлагаас үүдэн хэсэгчлэн нэмэлт, өөрчлөлт оруулсаар иржээ. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940 оны Үндсэн хуульд 16 удаа, 1960 оны Үндсэн хуульд 16 удаа, 1992 оны Үндсэн хуульд нэг удаа тус тус өөрчлөлт оруулж ирсэн байна. Өдгөө хэрэгжиж буй Үндсэн хууль батлагдсан цагаас хойш 25 жилийн хугацаанд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн ч нийгэм, цаг хугацааны шаардлагаар өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж төсөл боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлж байна” хэмээн хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн товч агуулгыг дурдаад дэлхий ертөнцийн хөгжлийн хурдацтай нийцүүлэн улс орон, сум орон нутгаа хөгжүүлэх зорилгоор иргэн бүр идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна гэв.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор тусгасан зүйл заалтын талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж дэлгэрэнгүй танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрийн онол, судалгаа, үндэслэл, олон улсын практик, ач холбогдлыг тайлбарлалаа.

Төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс Засгийн газрын гишүүн-УИХ-ын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах, УИХ-ыг хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий төрийн хяналтын байгууллага байгуулах талаар нягтлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх заалтуудын талаар тодруулан асууж байв. Асуулт, хариултын дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Тариалан сумын иргэн Ц.Хөвсгөлдалай УИХ хяналтын бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах түр хороо байгуулах шалгуур, журмын талаар тодрууллаа. Мөн тэрбээр хэлэлцэж буй энэхүү төслөөр Үндсэн хуульд агуулга болон зарчмын томоохон өөрчлөлт хийхгүй гэдгийг олон нийт, иргэдэд онцгойлон танилцуулах нь зүйтэй гэдгийг ажлын хэсгийнхэнд сануулав.

Иргэн Ж.Гунаасүрэн монгол хүн төрийн хамгаалалтад байж, харин мал төрийн хараа хяналтад байхаар тусгах нь зүйтэй гэдгийг тайлбарлан танилцуулаад “Иргэн төвтэй Үндсэн хууль байх ёстой” гэдгийг онцгойлон хэлж байсан.

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ танхимын гишүүдээ мэргэжлийн байх зарчимд нийцүүлэх талаар Үндсэн хуульд заах, яамдын тоог тодорхой заахын зэрэгцээ соёл, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудыг үндсэн чиг үүргийн яам болгон тусгах, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцон, эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг тусгах, хууль тогтоох байгууллага-гүйцэтгэх засаглалыг тусгаарлах, УИХ-Засгийн газрын эрх мэдэл, хяналт тэнцлийг хангах чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналуудыг иргэд гаргаж байв.

Тариалан суманд болсон зүүн бүсийн сумдын бүсчилсэн хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат асан Н.Цэрэнхүү оролцсон бөгөөд иргэд, хуралдаан зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлсэн юм.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон бүсчилсэн хэлэлцүүлэгт зүүн бүсийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөл 188 иргэн оролцож, 151 иргэн саналын хуудсаар дамжуулан Үндсэн хуулийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлсэн.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Хөвсгөл аймаг дахь бүсчилсэн хэлэлцүүлэг энэ сарын 23-нд Цагаан-Уул суманд, 24-нд Мөрөн суманд тус тус болно. Хөвсгөл аймаг нийт 23 сум, нэг тосгон, 126 багтай бөгөөд олон нийтийн хэлэлцүүлгийн 2, 3 дугаар үе шат есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж