Сингапур дахь World Vision олон улсын байгууллагын санаачилгаар Gallery@OURF уран зургийн галерейд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Mongolia: Affinity” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийв. Нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж хүндэт зочноор оролцож, нээлтийн үг хэлэв.
Сингапур дахь World Vision байгууллагын төлөөлөгчид, зарим хандив өргөгч нарын хамтаар 2016 онд Бүсийн хөгжлийн хөтөлбөр (Area Development Programme) болон World Vision Mongolia-иар зочилж, монгол хүүхдүүдтэй уулзах зорилгоор Монгол Улсын Өвөрхангай аймагт зочилжээ. Тус аяллаар монголын үзэсгэлэнт байгалийг биширч, уран зургийн үзэсгэлэн гаргах санаа төржээ. Ийнхүү монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ургамал, нүүдэлчин ардын соёл, хүрээлэн буй орчны өвөрмөц тогтцыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг бүтээхээр Gallery@OURF хамт олон хөдөлмөрлөжээ. Мөн монголын уран бичгийн гайхамшиг каллиграфийн урлагийг биширч улмаар тус бүтээлүүддээ ийнхүү өнгө аясыг тусгажээ.
Монгол Улсад биечлэн очоогүй, тэр дундаа харааны бэрхшээлтэй уран бүтээлчид монголын гайхамшигт байгаль, иргэдийн аж ахуйг дотоод төсөөллөөрөө уран бүтээлдээ буулгасан нь онцлууштай байв. Үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн арга хэмжээний хүрээнд хандив цуглуулж, World Vision Mongolia-ын монгол хүүхдүүдэд туслах юм байна.
Монголын үзэсгэлэнт байгалийг тус улсад түгээн дэлгэрүүлж, сурталчлахын зэрэгцээ монгол хүүхдүүдэд туслах зорилго бүхий тус арга хэмжээг Элчин сайдын яамнаас дэмжин оролцов.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ