Дэлхийн хамгийн муухай хотын мэр

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн муухай хотын мэр

Уг нь би өөрийгөө
дэлхийн хамгийн муухай хо­тын иргэн гэж хэлэх мэдээж дургүй. “Сийм­­хий ч
гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж ми­нь” гэдэг биз дээ бид нар.
Тэгэхдээ миний төрсөн, бас аав ээжийн минь төрсөн хамгийн хайртай хот
минь даанч аймаар болчихоод байхад дуугай суухад хэцүү байнаа. Өглөө бүр
ажилдаа ирэхдээ хардаг дүр зураг өдрийн турш цээж бухимдуулаад байх юм.
Утаа униарт хахаж цацсан хот, автобусны буудал ойролцоо холхих хагас
хөлдүү хүмүүс, онгорхой цоорхой зам, завсар зайгүй үргэлжлэх хог новш.
Танд ч гэсэн таагүй л байдаг биз дээ энэ бүхэн.

Сая гаруй хүн
амьдардаг хотын саар бүхэнд даргыг буруутгах нь мэдээж өрөөсгөл. Гэхдээ
“байгаа асуудлыг чинь шийднээ” гээд санал гуйгаад гарч ирсэн, бас дахин
дахин өөрийн хүсэлтээр улираад байдаг болохоор чинь өөр хэнтэй ярих вэ
дээ, хариуцлагыг.  

Улаанбаатарчууд жилийн жилд, намрын намарт л
нийтийн тээвэр, утаа униар гэсэн хоёр асуудалд хүлэгдэж бухимддаг.
40-50 хэмийг тэсвэрлэхээргүй, дулаан оронд л зориулж Солонгост
үйлдвэрлэсэн автобусууд нь шалнаасаа хайрч, цонхноосоо жиндээд гадаа
гудамжинд явснаас нэг их дээрдэхгүй. Тэгсэн хэрнээ автобус хүрэлцээгүй,
дээр нь нөгөө муу нэртэй луу данстай микро автобусуудаа нийслэлийн
тээврийнхэн үргэлж хавчиж, хотын захын хороол­луу­даар явуулдаг учраас
хотын төв хэсгээр зор­чиг­чид нөгөө л хөлдүү автобусандаа чихцэлдэн,
гул­гал­дан, уралдан, унаж тусанхан сууна. Оюутан олонтой чиглэлд бол
орлогогүй нөхдүүдийн барааг хармагцаа хааз нэмэн зугатаж хаа хол очиж
зогсоод уралдуулж даажигнахыг нь яана. Тэгээд л халтиргаа ихтэйхэн өглөө
бол оюутнууд нь хөнгөлөлтийнхөө картыг халаасандаа лавхан шургуулж
аваад зам дагаад алхчихна. Уг нь бол оютнуудын хөнгөлөлтөд зориулж жил
бүр төсвөөс 30 тэрбум төгрөгийг нийслэлийн тээврийн газарт өгдөг юм гэнэ
лээ. Гэвч цаадуул нь даанч нэг авсан чинээ загнахгүй.
Саяхан
нийслэлийн иргэд хотын даргадаа “Та өөрөө нэг удаа ч болов нийтийн
тээвэрт суугаад үз дээ” гэж гуйжээ. Хотын дарга маань нэг өглөө дуртай
нь аргагүй автобусанд сууж, түүнийгээ нийслэлд гардаг бүх телевизээр
бүтэн өдөржин дамжуулав. “Хотын дарга автобусаар ажилдаа явж байна” гэж.
Үүнийг нь харсан  бид “Цогт тайж” кинон дээр гардаг шиг “Хунтайж маань
ард бидэнтэйгээ адил алаг морьтой явна” гэж хөөрөх ёстой юм байна л даа.
Ингээд нийтийн тээврийг нийт олны хэрэгцээнд нийцүүлэх оролдлого талаар
болов уу даа. Хотын дарга сууж болж байхад бусад нь яагаад сууж
болохгүй гэж. Ха ха

Саяхан бас нэг сурвалжлагч түүнээс “Та
ингэхэд Улаанбаатарын утаа­наас залхдаггүй юм уу, баян хүн болохоор
зуслангаасаа ажилдаа явдаг байл­гүй дээ?“ гэж асуухад “Үгүй яалаа гэж
дээ. Манай байр ч гэсэн яг л та нартай адил утаан дунд байдаг шүү дээ.
Би тэгж зуслан энэ тэр хэсч явдаггүй” гэж гүрийжээ. Ер нь л нийт
улаанбаатарчуудтайгаа адилхан нийтийн жорлонд бие засаад, нийтийн
тээвэрт суугаад байвал хотын даргын хийх ажил гүйцэж байгаа юм байх.
Болоод байгаа гэдгийг нь ч түүнийг энэ албанд томилсон МАХН-ын
удирдлагууд хүчээр хүлээн зөвшөөрүүлж байна лээ.

Тус намын
дэргэдэх залуучуудын байгуул­лагаас жил бүр зохион байгуулдаг “Алтан
сарнай” наадмын өмнөх жилийн үдэшлэг дээр манай хотын даргыг “Оны шилдэг
менежер”-ээр тодруулсныг эрхбиш та харсан байлгүй дээ.

Харин
Улаанбаатарын утаа жилээс жилд өтгөрч, утааны улмаас хүн амд шинээр бий
болж буй өвчлөл энэ тэр бол “түй” ч хамаагүй болж байна. Угаарын хий
урагт хүртэл нөлөөлж, 10 хүүхэд тутмын хоёр нь гажигтай төрж,
нийслэлчүүдийн өвчлөлийн гол шалтгаан агаарын бохирдол болж, утааны үр
уршиг гамшгийн хэмжээнд үнэлэгдэж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл
хүртэл түргэн аваад байхад шүү дээ. Харин ч нийслэлчүүдийн цээжийг
барьсан энэ утаа өтгөрөхийн хэрээр нийслэлийн төсөв нэмэгдэж, тэр бүх
мөнгийг утаатай тэмцэх, утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр хотын
удирдлагуудыг дагасан өч төчнөөн хүн ажилтай, орлоготой болж байгаа нь
хотын даргын “Оны шилдэг”-ээр өргөмжлөгдөх гол үндэслэл болсон юм биш
үү. Утаа нэмэгдэх тусам нийслэлийн төсөвт өгөх татаас нэмэгдэж, тэр
хэрээр “холбоотнууд”-ынх нь халаас түнтийнэ биз. Өнгөрсөн намар
нийслэлийн шуурхай дээр нэгэн сонирхолтой ярилцлага болсныг уншигчид
санаж байж магадгүй. Нийслэлийн шуурхайд сууж байсан ИТХ-ын нэгэн
тэргүүлэгч рүү Эрээнээс залгав бололтой. Мань эр утсаа аваад “Уут савыг
нь аятайхан, гадаадад үйлдвэрлэсэн юм шиг хийгээд явуул аа. Бусдыг нь
бид энд зохицуулна” гэж яриад сэтгүүлчдэд “гардуулж” байлаа. Тэр үед
нийслэлийнхэн утаагүй түлшний нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэж байсан
билээ. Нэг иймэрхүү маягтай.

Бас нэг зовлон байгаа нь өөрсдийнхөө
эрүүл мэндэд санаа зовохоос дутуугүй хотын даргынхаа улаан нүүрэнд
санаа ихэд зовинох боллоо. Сүүлийн үед манай нийслэл дэлхийн олон орны
хотуудтай “ах дүүгийн” холбоо тогтоож байна. Энэ олон барилдлагын үр
дүнд дээрх “хөгжингүй” хотуудын нэрэмжит гудамжууд ч ихээр бий болж
байгаа. Тэгээд тэд нь нэгэнт мөнгө хөрөнгөө гаргаад манайд бүтээн
байгуулалт хийж байгаа юм чинь ядаж ямархуу өнгө төрхтэй болсныг нь
харахаар ирдэг л байлгүй дээ. Тэр үед манай хотын даргын нүүр түлэгдэж
дуусдаг байх даа хөөрхий. Кувейт улсын нийслэл Кувейт хотын дарга ирлээ л
гэнэ, Намянжугийн, Сөүлийн, Абу Дабигийн захирагч ирлээ гээд л хөл хөөр
болно. Энэ том хотуудын дарга нартай ямар нүүрээрээ уулзаж, юугаа
үзүүлдэг бол оо гэхээс өмнөөс нь яс хавтаймаар. Эсвэл хөөрхий угаасаа
хөдөөний юм болохоор болоод байна гэж боддог юм бол уу. Хотын дарга 
өөрөө ч “ах дүү” хотуудынхаа  урилгаар бишгүй л аялж зугаалж, нүд нүүр
тайлснаа гайхуулдаг юм билээ. Тэр бүхэндээ хүний нутгийн хотыг хараад
атаархаж эмзэглэдэггүй юм байх даа. Урьд нь Монгол ирж байсан хүнд 
“Улаанбаатар хотын мэр” гэж хэлэхээс зовмоор л санагдах юм аа. 

 Хорьхон
жилийн өмнө Улаанбаатар хот “Азийн цагаан дагина” нэртэй байв. Яахав
дээ, “үнэмшсэн л юм шиг байя” гэж хэлж магадгүй, дагина магина гэхээр.
Гэхдээ л одоогийнх шиг 100-200 саяын үнэтэй машинууд хөшилдөж, 10-20
давхар шилэн байшин сүндэрлүүлж, барууны алдартай брэнд дэлгүүрүүд
нээгээгүй ч гэ­сэн хэрэндээ таарсан зүлэг суулгац, мод бут, бүр усан
оргилуур, амьсгалах агаартай жижигхэн хот цэмцийж байв. Сансрын тунель,
III хороолол, “Бамбарууш кафе” Их дэлгүүр, Нацагдоржийн номын сангийн
өмнөх талбай, Улаанбаатар зочид буудал, Засгийн газрын ордны цэцэрлэг
гээд нийслэлийнхний зугаалах дуртай гудамж талбай олон байсан. Манай
сүүлийн хэдэн мэрүүд бүгд хөдөөнийх юм болохоор нээрээ  мэддэггүй ч юм
уу, энэ бүхнийг. Одоо бүгд үгүй болсон. Арай гайгүй гэсэн тохижилттой,
зүлэг хайстай ганц нэг гудамж нь дандаа гадаадынхны тусламж.

 Гэтэл
хотын дарга маань хотоо гоёхын оронд өөрийгөө гоёод, том том “пиар”
үсэргээд явах нь бас гачлантай. Хотын дарга автобусаар явлаа, утаатай
байранд амьдардаг гэхээр нь нийслэлийнхэн баярлаад алга таших ёстой юм
уу, эсвэл өрөвдөөд нулимс дуслуулах үүрэгтэй юү?  Хүмүүс яасныг
мэдэхгүй. Би л хувьдаа хотын дарга автобусаар яваад, тэрийг нь
Улаанбаатар телевизээр дахин дахин үзүүлээд байхаар нь инээх хэцүү,
уйлах хэцүү л болсон шүү. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.
Америкийн Ерөнхийлөгч нар хааяа олон нийтийн дунд орж, биеийн тамирын
хувцастай алхаж барьдаг л даа. Гэхдээ Монгол Америк биш, та ямар Барак
Обама биш. Тэгээд ч энэ пиар Монголд ч гэсэн хэдийнэ хоцрогдсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энийг чинь аль арван жилийн өмнө ашиглаад, ёстой
“ёоз ёозоор” нь туршаад дуусгачихсан зүйл л дээ.

Эцэст нь эрхэм
ноён хотын даргад тавих нэг асуулт байна. Дэлхийн хамгийн муухай
нийслэлийн дарга байх нь танд таалагддаг  юм уу? /Хамгийн муухай гэдгийг
би санаанаасаа огт зохиогоогүй шүү. Английн нэгэн сонины  өнгөрсөн оны
дугаарт Улаан­баатарт айлчилсан жуулчин сэтгэгдлээ бич­сэн байна лээ.
Сэтгэл гаргаад нэг олоод үзчихээрэй/ Тиймгүй бол ажлаа хий­гээч ээ.
“Алтан сарнай” авах энэ тэр бол мартагдана шүү дээ. Аймаар болсон замаа,
аюул болсон утааг, аранга болсон халтиргаа гулгааг засч залруулах ганц ч
гэсэн ажил, бодит зүйл хийчихвэл арай дээрдэх юмсан, нийслэлчүүдийн
амьдрал.   

Б.СЭМҮҮН        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж