ОУВС: Монголчууд аа, тайвшрах болоогүй шүү

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

ОУВС: Монголчууд аа, тайвшрах болоогүй шүү

ОУВС: Монголчууд аа, тайвшрах болоогүй шүү

Монголчууд бид хэзээний л тайван улс. Дандаа л ниргэсэн хойно нь хашгирдаг. Хамгийн сүүлийн жишээ татахад, валютын хомсдолд орж  Монгол Улс Хөгжлийн банкны бондын төлбөрийн хүү 580 сая ам.долларыг төлөх бодит байдалтай нүүр тулж байсан нь саяхан. Тухайн үед дефолт болох нь гэж хүн бүрийг түгшээж, иргэдийн дунд бэлэн мөнгө цуглуулах, төрдөө хандив өргөх тусламжийн давалгаа үүсч байсан нь бас саяхан. Өчигдрийн тэр айдсаа өнөөдөр мартжээ. Одоо дахиад он гарангуут Чингис бондын түрүүч 500 сая долларыг төлөхөө өнөөдөр мартан улстөржиж сууна.   

Хэрэв ОУВС бидэнд толгой дохиогүй байсан бол Монгол Улс өнөөдөр дефолтоо зарлаж, цагаан тугаа өргөх байлаа. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид ойрын арван жилдээ л манайхаар үзэгдэхгүй байсан нь ойлгомжтой биз ээ.

Харин одоо ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тусламжтайгаар эдийн засаг эерэг төсөөлөлтэй болж, хөрөнгө оруулагчид ч нааштай хандаж эхлэв. ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын эхээр Улаанбаатар хотод ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийгээд буцсан юм. Ингэхдээ “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч, ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна” гэсэн сайн үнэлгээг хийсэн юм. ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээний дараа Азийн хөгжлийн банкнаас дахин 100 сая ам.доллар орж ирсэн. Одоо ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сарын сүүлээр хуралдаж, эхний шатны үнэлгээг эцэслэнэ. Ингэснээр дараагийн 37.82 сая ам.долларын дараагийн санхүүжилт олгогдох юм.

Үүнээс гадна БНХАУ-ын төрийн өмчит Шеньхуа Энержи групп Өвөр Монгол дахь хоёр том ил уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаагаа энэ сарын эхээр мэдэгдсэн. Ингэснээр Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл бүрдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм. (https://www.reuters.com/article/mongolia-coal-idUSL4N1KQ37S) Эх сурвалжид дурдсанаар, Шеньхуа группийн газар эзэмшилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаагийн улмаас ийнхүү хоёр уурхайг түр хугацаанд зогсоогоод байгаа аж. Зогссон хоёр уурхай нь 2016 онд 50 гаруй сая тонн нүүрс, энэ оны эхний хагаст 30 гаруй сая тонн нүүрс олборлож байжээ. Харин хоёр уурхайг хааснаар тус уурхайнуудаас авдаг нүүрсийг Монгол Улсаас хангах шаардлага бий болж байгаа юм. Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corp” компанийн хөрөнгө оруулагч “Mongolia Growth Group”-ын гүйцэтгэх захирал Харрис Купперман “Энэ бол Монголын нүүрс олборлогчдод том боломж” хэмээн онцолж байгаа юм.

Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжиж эхэлсэн нь Монголын экспортын орлогыг нэмэгдэхэд нөлөөлсөн тухай “Ройтерс” мэдээлсэн юм. Монгол Улсын нүүрсний экспорт 2017 оны эхний таван сард 1.01 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.6 дахин өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол орлого болдог экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн экспортод хориг тавьж, энэ шийдвэрийг Хятад улс бүрэн хэрэгжүүлснээр Хятад улсад наанадаж 18 сая тонн нүүрсний импорт эзгүйрч үлдсэн юм.Энэ хоосон үлдсэн орон зайг нөхөх боломж Монгол Улсад бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын энэ хоригоос нүүрсний экспортоор хожих нь Монгол Улс гэдгийг ажиглагчид дүгнэж байна. Гэтэл хамгийн таатай энэ үед нь хамгийн бага нүүрс гаргаж байгаа нь монголчууд бидний л буруу, бидний л арчаагүйнх. Төр дээрээ нэг ойлголцолтой, удирдлагууд нь улсаа бодож үгээ дуугардаггүйн горыг улсаараа амсаж явна.

Хэдий эдгээр эерэг хандлагууд бий болсон ч хөрөнгө оруулагчид тийм ч өөдрөг таамаглалтай биш байна. Учир нь хэд хэдэн асуултад хариулт байхгүй хэвээр байна.

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч К.Матай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзах үеэрээ “Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч, эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал” байгааг онцолжээ. Тухайлбал, хэдий ОУВС Монгол Улсад сайн үнэлгээ тавиад буцсан ч эдийн засаг сэргэсэн гэж тайвшрах болоогүйг сануулсаар буцсан юм.

1. Монгол Улсад 2018 онд хугацаа нь дуусах 660 сая ам.долларын бондын эргэн төлөлт бий. Чингис бондын 500 сая ам.долларыг хүүтэй нь 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, мөн оны тавдугаар сард ДимСан бондын нэг тэрбум юанийн буюу160 сая ам.доллар, нийт 660 сая ам.долларын төлбөр хийнэ. Ердөө жилийн өмнө л том сургамж авч, Хөгжлийн банкны бондыг өөр своп хэлцлээр сольж дөнгөсөн ч дахиад л 660 сая ам.долларын өр нэхэгдэх цаг айсуй. Дээгүүрх гүйдэл шийдэгдэлгүйгээр биднийг сандал ширээний асуудалтайгаа зууралдаж байтал ердөө гурван сарын дараа энэ төлбөр нэхэгдэнэ. Энэ үед бид дөрвөн хананы дунд дахь улс төрийн хэрүүлээ хийсээр дахиад л ниргэсэн хойно нь хашгирах уу. Шаардсанаар нь багш нарын цалинг нэмж болно. Мөнгө нь, боломж нь байдаг бол багш нарын цалинг нэмэхийг нийгмээрээ дэмжинэ. Харин багш нарын цалинг заавал нэмэхийн тулд  улсаа дампууруулах сонголт хийхийг нийтээрээ дэмжих үү, санал нэгдэх үү.

2. Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа өндөр өрийн дарамт, өрөө төлж хүчирхэхээ больсон нөхцөл байдал арилбал хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсч, эдийн засаг тэнхрэх боломжтой болно. Гэхдээ ОУВС-гийн тавьж буй нөхцөлүүдийг биелүүлж чадвал шүү дээ. ОУВС-гаас Засгийн газар тууштай ажиллахыг сануулсаар байгаа нь хөрөнгө оруулагчид ч энэ зүг хараа бэлчээн суугаагийнх биз ээ.

Угтаа ОУВС-гаас манай улсад одоо олгогдох бүтэн багц нь 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр тэрбум гаруй ам.доллар нь  өмнөх Засгийн газрын бий болгосон Хятадын своп, үүнийг энэ хөтөлбөрийн хүрээнд сунгаж байгаа. Дээр нь Японы Засгийн газраас олгох 850 сая ам.долларын зээл, Мөн БНСУ-ын 500 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Азийн хөгжлийн банкны 900 гаруй сая ам.долларыг ОУВС бидэнд босгож өгч байна. Гэтэл бид аюул ирэхэд нь уйлж, явахад нь мартдаг ой санамжаараа энэ боломжуудыг тойрч, улс төрийн хэрүүлээрээ хооллосоор л байх уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж