Нэг генералтай тоглоом

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Нэг генералтай тоглоом

Нэг генералтай, нэгдсэн удирдамжтай ганцхан л тоглоом

Хаврын улс төр цагаан сартай уралдан эхэллээ. Өнгөцхөн харахад тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг өөр өөр үзэл бодолтой улс төрийн нам, фракци, хөдөлгөөнүүд хувь тавилангаа даган  хөдлөж байгаа мэт боловч нэг генералтай, нэгдсэн удирдамжтай ганцхан л тоглоом эхлэж байна. Эдний хэн нь ч ялж ялагдсан хамаагүй.  Асар өргөн хүрээтэй эхлэж байгаа энэ тоглоомын ялагч нь  ганцхан л хүн байх болно. Үр ашгийг нь тэр л хүртэнэ. Бусад нь бялууны хэлтэрхий биш үртэс олж долоогоод л өнгөрнө. Дараа нь  хаврын улс төр  төгсөнө. Харин ялагч нь Н.Энхбаяр. Тэр үнэхээр сайн тоглогч юм. Эрх барьж буй хоёр намд  “тэслэх бөмбөг”  тавьж жижиг намууд болон хөдөлгөөнүүдийг нэг шугаманд жагсаасан  ийм генерал Монголд урд өмнө байсан гэж үү. Тиймээс Н.Энхбаярын эхлүүлсэн гайхалтай улс төрийн тоглоомын удирдамжаас хүргэхийг хичээе.

Ардчилсан намыг дөрөв хуваалаа

Өөрт нь хамаагүй мэт боловч зорилгодоо хүрэхийн тулд энэ намд ч гэсэн доргио үүсгэх хэрэгтэй байжээ. Бие даасан улс төрийн хүчний нэгдмэл байдлыг алдагдуулах нь хамтарсан Засгийн газар  төдийгүй эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдийн хүчийг сулруулах нь  ашигтай. Тэгэхээр Ардчилсан намыг хоёр биш дөрөв хуваахыг энэ удаа зорилгоо болгожээ. Ардчилсан намын УИХ дахь бүлэг буюу удирдлагын төвшинд нь ан цав үүсгэх эхний төлөвлөгөө З.Энхболд болон С.Эрдэнэ нараар хэрэгжиж байна.  З.Энхболд бол нам дотроо нөлөөтэй, шазруун улстөрч. Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ гэх асуултад хэн ч З.Энхболдыг дурдахгүйгээр өнгөрч чадахгүй.  Энэ нь түүнийг хэн болохын нотолгоо. Түүнтэй С.Эрдэнэ нэгдсэн нь басч  болохгүй тоглоом эхэлсэний дохио. С.Эрдэнэ бол Ардчилсан намын нийслэлийн намын дарга.  Аль ч намын Нийслэлийн намын хороо гэдэг бол намынхаа зүрх нь. Улмаар тархи нь болдог.  Тэгэхээр Нийслэлийн Ардчилсан нам одоо байгаа удирдлагынхаа эсрэг эргэсэн байх нь. Ингэж чадсан нь  Ардчилсан намын  УИХ дахь бүлгийн задрал буюу  намын удирдлагын түвшинд дэх үймээний эхлэлийг тавьжээ гэж ойлгож болно.  Тэд намын удирдлагаа сольж дөнгөвөл хамтарсан Засгийн газраас намаа гаргана. Ингэвэл одоогийн Засгийн газар өрөөсөн далавчгүй болж газардахаас өөр гарцгүй болно. Эл таамаглалыг бодитой үр дүнд хүргэхийн төлөө ротацийг ашигтайгаар эргүүлэхээр өдөр шөнөгүй  нойр хоолоо хасан ажиллаж байгаа. Харин  тэдний эсрэг Н.Алтанхуяг тэргүүтэй  “Алтангадас” фракцийнхан байр сууриа алдахгүйг   хичээх л биз. Ингэж Ардчилсан нам хоёр хуваагдав.  Гэтэл бас МоАХ дотроо хоёр хуваагдаж байна. Хэдийгээр  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Баттулгын чанга гарт атгагдсан гэж олон хүн итгэж  байгаа ч үнэн хэрэгтээ байдал өөрөөр эргэх төлөвтэй.  Монголын Ардчилсан хөдөлгөөний нам гэх нэртэй улс төр судлаач Х.Эрдэнэтуул, Т.Мандала  тэргүүтэй хүмүүс мөдхөн МоАХ-ны III  Их хурлыг зарлан хуралдуулахаар зэхэж  байна. Гол дүрд нь “малыш” Энхтүвшин, Г.Бошигот нар нэгджээ.  Тэд З.Энхболд, С.Эрдэнэ нарын өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Монголын Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралд итгэл найдвар тавьж байсан авч тэд нэг их дуулиан дагуулж чадаагүйд ийнхүү дахин нэг жигүүрээр дайралтад орохоор төлөвлөжээ. Нэгэнт тэд Ардчилсан намын бүлэг, удирдлага дотор “тэсрэх бөмбөг” болж байгааг харгалзан үзээд одоо МоАХ дотор “гранат дэлбэлэх” хувилбарыг сонгосон байна. Тэд МоАХ-ны  тэргүүлэгчид болон АГЗЗ-ийн удирлагуудыг дотроо багтаахыг хүсч байгаа. Ингэж чадвал тус холбооны гишүүд өөрсдөө намынхаа болон холбооныхоо болж бүтэхгүй байгааг нийгэмд харуулж, улмаар даргаа өөрчлөх, хамтарсан Засгийн газарт орсон намаа гаргаж авах зэрэг асуудлыг хөндөх гэнэ.  Эл үйл явдлаараа МоАХ-г  дотор нь хоёр хуваах зорилго тавьжээ гэсэн үг. Байдал хэрвээ ийм маягаар үргэлжилвэл Ардчилсан нам дотроо дөрөв хуваагдаж  хүчээ сулруулан дотоод дахь самуунаа дарж чадахгүйд хүрнэ, Энэ бол хамтарсан Засгийн газрыг огцруулах үйл ажиллагааны зөвхөн  “Ардчилсан нам” хэмээн нарийн төлөвлөгөөний нэг хэсэг нь.

С.Баяр болон М.Энхболд нарыг турхирав

Н.Энхбаярын намдаа зориулж бэлдсэн удаах бэлэг бол С.Баярын эсрэг тавьсан сум. Гэхдээ бай нь С.Баяр биш. Харин С.Батболд байх болно.  Яаж гээч. Бүхнийг анхааралдаа авч нийгмийг тэр чигээр нь хөдөлгөж байгаа  Н.Энхбаярын зорилго бол МАХН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын  албыг авахад оршино. Ингэхийн тулд тэрбээр одоогийн Ерөнхий сайдтай биш С.Баяр болон М.Энхболд нартай тохиролцоонд хүрэхийг чухалчилж байгаа.  Ингэсэн нь ч зөв. Учир нь С.Баярын командыг түр хошуучилж буй С.Батболдтой дайн зарлах нь сумаа дэмий гарздаж цагаа барахаас үл хэтэрнэ. Харин С.Баяраар хэдий чинээ оролдоно эл намын лидерүүд С.Баяр ба Н.Энхбаяр гэсэн хоёр хэсэгт хуваагдах учиртай. Хүчийг хоёрхон хэсэгт төвлөрүүлэхийн тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, шадар сайд М.Энхболд нарыг нэг гарт зангидаж чадвал бусад нь ёстой яршиг л байна.   М.Энхболд бол  намын дарга  болж, Ерөнхий сайд ч байж үзсэн. Энэ хүн цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн карьерт тэмүүлэх учиртай. Бас ганц хоёрхон жил намын дарга, Ерөнхий сайд хийх ч сонирхолгүй байгаа. Гэхдээ Н.Энхбаяртай ач тач үзэлцье гэсэн чин сэтгэлтай байдаг эсэхийг ёстой мэдэхгүй юм.  Нэгэн цагт түүнийг элдвээр гоочилж, ээлжит бус Их хурлаа хуралдуулан байж огцруулж байсныг  юу гэж бодож явдаг юм бол доо. Энэ талаар асуусан сэтгүүлч ч байхгүй, өөрөө юу ч яриагүй тул лавтай дүгнэлт гаргаж чадахгүй нь. Гэхдээ “мөнхийн дайсан гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг”  гэж лут үг бий.  Тэгэхээр түүнийг ямар алхам хийхийг мэдэхгүй юм. Ямартай ч одоо бол намын даргын суудлыг авах гэж улайрахгүй гэдгийг л мэдэж байна. Харин У.Хүрэлсүхийн хувьд өөр. Тэрбээр цус нь даргилж яваа залуу хүн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж үзсэн. Одоо энэ том намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Түүний карьер дөнгөж эхлэж байна. Ерөнхий сайд, намын дарга болохын төлөө зүтгэхэд бэлэн. Зүтгэж ч байгаа. Гэхдээ энэ удаа лав биш. Учир нь тэр Н.Энхбаяртай дахин халзагнахыг хүсэхгүй. Өмнө нь нэг удаа үзээд шоронд орохоо шахсан шүү дээ. Тиймээс энэ удаагийн гал дүрэлзсэн тулаанд хэн нэгнийг л дэмжиж оролцоно. Өөр сонголт ч байхгүй. За ингээд М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хавсарч хүчээ өгөх нь ойлгомжтой. Харин хэнд өгөх бол. С.Батболдод уу, Н.Энхбаярт уу. Эсвэл С.Баярт уу.  Эндээс ийм гаргалгаа хийж болно. Хийж болно ч гэж дээ, бараг Н.Энхбаяр гуай хийчихсэн байх  аа даа. Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн  эрх ашиг гэж байдаг гэсэн логикоороо  Н.Энхбаяр, С.Баяр хоёр уулзаж таарна. “Чи надтай ингэж дайсагнаад яахав. Нэгэнт чи биеийн эрүүл мэндээсээ болоод цаашдаа ажиллаж чадахгүй гэж ард түмний өмнө ам өчгөө өгсөнөөрөө л үлд. Харин надад энэ удаа зөөлөн өрсөлдөгч гаргаж өг ”  гэсэн тулгалтыг Н.Энхбаяр хийх нь мэдээж. Тэр энэ үгийн хувилбар бүрийг  У.Хүрэлсүх, М.Энхболд нарт ч хэлнэ. Хэлчихсэн ч байж магадгүй.  Ийм тохиолдолд тэр гурав “2012 оноос л улс төрийн шинэ он тоолол эхлүүлье” гэж бодоод энэ удаа Н.Энхбаярын хүссэнээр хийж болох юм. Тэгвэл Н.Энхбаярын хүсээд байгаа  “зөөлөн хоол” хэн бэ. Сайнаар хэлбэл, намын их хурал дээр Н.Энхбаярын нөгөө талд санал хураалгах “хүчтэн” хэн байж болох вэ.

Иргэний хөдөлгөөнүүд  гурван  жигүүрээр

Монголд ная гаруй иргэний хөдөлгөөн байдаг аж. Бүгд л тамга тэмдэгтэй, албан бланктай. Үзвэл ч үзчихээр, ардаа алдах юмгүй “эх орончид”. Зэвсэгт мөргөлдөөн болдог юм гэхэд дунд нь орж пижигнээд үхэхээ энэ амьдралаасаа дээгүүр тавигсад. Ар гэрээ тэжээж, авгай хүүхдээ авч явж чадахгүй тул муу амьд явахаас сайн үхэхийг эрэлхийлэгчид. Тэд одоо гурван жигүүрт хуваагдчихаад байгаа. Нэгдүгээрт, Ардчилсан намын гишүүд болох Ж.Батзандан, О.Магнай нар. Тэд яахав дээ, ганц нэг сайдыг огцор гэж байгаа нь Ардчилсан намаа хуваахаар зүтгэгчдийн нөгөө хувилбар нь байхгүй юу. Намын гишүүд нь намын сайдаа огцор гээд гүйхээр ард түмэнд ямар санагдах вэ. “Энэ Ардчилсан нам чинь үнэхээр л болохоо байчихаж ” гэсэн бодол төрнө. Үүний төлөө л тэд явж байгаа хэрэг. Нөгөө хэсэг нь Оюутолгойн гэрээгээр гул барьж Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг санаархагчид. Эд бол Үндсэн хуулийнхаа эсрэг  боссон нэгдэл юм.  Энэ хаврын улс төрийн оргил хэсэг нь тэд мөн. Хэрвээ, Н.Энхбаяр МАХН-ын дарга болж Ерөнхий сайд болвол дахиж буунаа л үгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай байхын төлөө бүхнийг хийнэ. Өнгөрсөн хугацаанд  нэг муу ичихчээ аядаад зүрхлээгүй. Одоо хаширч  шархдсан чоно   мэт эргэж ноцно. Иргэний хөдөлгөөний гурав дахь жигүүр нь Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн байж магадгүй.  Хэдийгээр бусдаасаа ангид хөрсөн дээр бууж ард түмний төлөө явж байгаа мэт санагдавч хамтарсан Засгийн газрын эсрэг босч байгаа нь цаад үр дагавраараа Н.Энхбаярын эрх ашигтай шууд холбогдож байгаа. Ийнхүү иргэний хөдөлгөөний тэмцлийн үр дүн шууд нэг л хүнд очиж наалдаад байгааг ажиглаж болно. Тэгэхээр нэг удирдамжтай нэг генералтай нэгдсэн бодлоготой нь ойлгогдож байгаа биз.

Жижиг намууд буюу “том” М.Энхсайхан

М.Энхсайхан ганцаараа шахам нэг том улс төрийн хүчний дайтай лидер гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хэдийгээр түүнийг Ардчилсан намынхан үзэн яддаг ч тэр бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Харин М.Энхсайхан одоо Н.Энхбаярын нэг шадар туслах болсон. Тэрбээр жижиг намуудыг өөртөө нааж  ҮШН-аар дамжуулан өргөн фронтынх нь нэгэн жигүүрийг нь жанжилж  явна. Үндэсний үзэл, дахин хувьсгал, хувийн өмчийг эргүүлэн нийгэмчлэх, Ерөнхийлөгчийн засаглал гээд  20 жилийн тэртээх сонгож авсан Ардчилсан нийгмийн эсрэг аль болж бүтэхгүй бүхнийг  сурталчилж манлайлж байгаа. Өөрийнх нь хажууд үнэхээр жижигдэх жижигхэн намуудыг  халаасандаа чихчихээд  “том”  байгаа М.Энхсайханы хийж буй дайралт явж явж хамгийн их хор дагуулна даа. Яагаад гэвэл тэр гудамжинд гарч ноцолдохгүй. Төрийн ордон руу дайрахгүй. Харин аажмаар монголчуудын оюун санаа руу үзэл суртлын дайн өдөөж байна. Энэ нь ил гарч хэрэлдэхээсээ ч аюултай байх вий.  Бас үүний хажуугаар МАХН дотор Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Шинэ эргэлт, “Жигүүр” гэх мэт далдгарууд бий.  Одоо авч байгаа мэдээллээр бол тэд хэдийнэ Н.Энхбаярт хүчээ өгч эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдынхаа эсрэг ховыг  сайтар зөөж байгаа. Тэд МАХН дотроо шивэгчний үүрэг л гүйцэтгэдэг. Гэхдээ төрийг ч эргүүлж мэдэх гаршсан шивэгчид олон байдгийг энэ удаа зөвхөн дурдаад өнгөрөх нь зүйтэй. Тэд хэдийнэ М.Энхсайхантай гар барилцчихаад хэхэрч байна…    Иймэрхүү л агуулгатай, хэлбэртэй энэ хаврын улс төр дөнгөж л эхэлж байна даа. Улс төрийн ийм олон нийлэмжийг нэг гарт төвлөрүүлж, салбар бүрт нь хагалган бутаргаж хүчийг нь сулруулах тактик барьсан ийм өргөн хүрээний удирдамжтай чимээгүй дайн нэгэнт эхэлсэн тул ялагч хэзээ ширээндээ суухыг харах л үлдлээ. Бусад нь яаж ч тэлчигнээд нэг их хол явахгүй биз дээ.  Н.Энхбаяр үнэхээр шалгарсан улстөрч юм байна. Тэр Монголын нийгмийг хүссэн үедээ л ганцхан удирдлагаар хөлбөрүүлж хөөсрүүлж байна шүү дээ. Чухам улс төр хийнэ гэдэг энэ л байх даа.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж