Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт Төрийн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 2010 оны хүн амын судалгаагаар 130 орчим мянган 15-44 насны оюутан, залуучууд гадаад суралцаж, ажиллаж амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Тэдний 40 хувь нь бүрэн дунд болон түүнээс доош, 60 хувь нь бакалавр болон түүнээс дээш мэргэжлээр суралцдаг байна. Эдгээрээс өнөөдрийн чуулга уулзалтад нийт 500 гаруй оюутан, залуучууд оролцож байгаа юм байна. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь гадаадад суралцаж байгаа оюутан залуучуудын албан ёсны тоо бүртгэлтэй сан бүрдүүлэх зорилготой юм байна. Учир нь дэлхийн маш олон улсад монголчууд ажиллаж амьдарч байгаа ч тэдний талаар албан ёсны тоо судалгаа, мэдээлэл өнөөдрийн хүртэл нэгтгэгдээгүй аж. Тиймээс энэ удаагийн хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, 23 улсад суралцдаг оюутан, залуучуудын төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Засгийн газар 16 орны Засгийн газартай оюутан солилцооны хамтын ажиллагаатай бөгөөд Монголын оюутан, залуучуудын дийлэнх нь БНХАУ, АНУ, Япон гэсэн гурван улсад инженер, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байна.
Сангийн дэд сайд, АНУ-д төгсөгчдийн холбооны тэргүүн Х.Булгантуяа:
-Гадаадад суралцаж буй оюутан, залуучуудын төлөөлөл 500 гаруй нь энэ чуулганд оролцож байна. Сүүлийн үед олон улсад терроризм, халдлага гарсан үед цөөхөн монголчуудынхаа аль улсад хэн нь байна вэ гэсэн нэгдсэн мэдээлэл байдаггүй. Гадаадад суралцахад санхүүгийн дэмжлэг, нийгмийн баталгаа дутмаг, төгссөний дараа Монголдоо ирж ажиллах боломж бүрдээгүй учраас төр засгийн бодлого их чухал байна. Тиймээс эхний ээлжинд гадаадад суралцаж байгаа оюутан, залуучуудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх шаардлагатай. Үүнийг эхлүүлж байгаа нь зөв зүйтэй ажил болж байна.
БНХАУ-ын Ардын их сургуулийн Олон улсын улстөрийн чиглэлээр хоёрдугаар дамжаанд суралцагч Б.Өсөхбаяр:
-Нэг үеэ бодвол Монголын залуучууд өөрийн хүссэн их, дээд сургуульдаа суралцах боломж нь нээлттэй болсон. Одоогоор гадаадад 50 гаруй мянган оюутан суралцаж байна гэсэн албан бус тоо бий. Аль ч төрийн болон төрийн бус байгууллагад гадаадад амьдарч, суралцаж буй монголчуудын албан ёсны тоо байдаггүй. Тиймээс бид энэ удаагийн уулзалтаар гадаадад суралцаж байгаа оюутан, залуучуудыг ямар чиглэлээр, аль улсад суралцаж байна вэ гэсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байна. Мөн гадаадад суралцаж байгаа оюутнуудын дийлэнх нь хувийн зардлаар суралцаж байгаа учраас Засгийн газар, төрийн зүгээс энэ тал дээр ямар дэмжлэг авч болох талаар бас судалж, ярилцаж байна. Мөн хилийн чанадад сурч, төгсөөд Монголдоо ирээд ажиллах боломж хэр байх вэ гэдгийг мөн энэ удаагийн чуулганаар хөндөж ярилцаж байна. Гадаадад 100 мянган ам.долларын боловсрол эзэмшиж ирсэн хүн Монголдоо ирээд 500 ам.долларын цалинтай ажилд орох нөхцөл үүсдэг. Гэтэл гадаадад миний хөдөлмөрийг өндөр үнэлдэг учраас чадварлаг боловсон хүчин тэндээ суурьших, тухайн улсынхаа иргэн болж байгаа юм. Тиймээс бид гадаадад сурч байгаа оюутан, залуучууддаа зургаан сараас нэг жилийн хугацаанд эх орондоо ажиллаж, бага цалинтай ч гэсэн эзэмшсэн мэдлэг, боловсролоо эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаач гэж уриалга гаргаж буй. Мөн төрийн зүгээс гадаадад суралцаад ирсэн залуучуудынхаа нийгмийн хангамжийг илүү их анхаараасай гэж хүсч байна. Боломж хүн бүрт нээлттэй. Харин тэр боломжийг бүрэн ашиглаж, сурах зүйлээ сурч, эх орондоо ихийг бүтээгээсэй гэж залуучууддаа хандаж хэлмээр байна.
АНУ-ын Вашигтоны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцагч Н.Ананд:
-Дэлхийн маш олон улс оронд маш олон Монгол залуучууд суралцаж байна. Гадаадад суралцах гэж байгаа залуучуудын маань зорилго нь маш том байгаасай гэж хүсдэг. Монголын залуучууд гадаадад суралцахдаа өөрийн амьдралаа өөрчлөх гэсэн зорилготой байдаг юм шиг ажиглагддаг. Гадаадад суралцахын эцсийн зорилго нь Монгол Улсынхаа ирээдүй хойч үеийнхний төлөө гадаад руу сурах гэж зүтгэх биш гадаадынхан Монголд ирж боловсрол эзэмших тэр нөхцөл бололцоог бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулахад залуучуудын үүрэг оролцоо их чухал гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Гадаадад сурч байгаа залуучууддаа төгсч ирээд Монголынхоо хөгжлийн төлөө, ирээдүйн төлөө ажиллах орон зай нь байгаа гэдгийг ойлгуулж чадвал цалин, амьдрах нөхцөл гэхгүйгээр ирж ажиллана гэж бодож байна.
Герман улсын Фрайбергийн их сургуулийн техник, технологийн сургуульд Уул уурхайн инженер мэргэжлээр суралцагч Б.Мөнхдалай:
-Бусад мэргэжлийг бодвол Монголд уул уурхайн мэргэжил эзэмшээд ажлын байраар хангагдах бүрэн боломжтой. Миний хувьд ШУТИС-д гурван жил, Германд дөрвөн жил суралцаж байна. Мэдээж Герман улсын боловсролын систем, сургалтын орчныг Монголтой харьцуулах боломжгүй ч Монгол залуучууд дэлхийн боловсрол эзэмшиж ирээд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох нөхцөл бүрдэнэ. Гэвч өндөр боловсрол эзэмшиж ирлээ гэхэд Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь ажлын байранд шалгуур тавихдаа бүх хүнд тэгш ханддаггүй, цалингийн урамшууллын тогтолцоо нь тэгш бус гэх мэт асуудлууд их гардаг. Тэгэхээр гадаадад сурч, төгссөн залуучуудынхаа нийгмийн баталгаа болон ажлын байрыг бий болгох, нөхцөлийг нь сайжруулах нь хамгийн чухал зүйл гэдгийг энэ удаагийн чуулганаар хөндөж байна.
Турк улсын Илдиз техникийн их сургуулийн оюутан Б.Балжинням:
-Гадаадад суралцахыг хүсч байгаа залуучуудын тухайн улсынхаа хэлийг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Хэрэв хэлээ бүрэн эзэмшсэн бол дэлхийн аль ч улсын сайн сургуульд суралцах, тэтгэлэгт хамрагдах бүрэн боломж нээлттэй байна. Дэлхийн аль ч улс оронд суралцаж төгссөн бол сурсан мэдсэн зүйлээ эх орныхоо төлөө зориулах хүсэлтэй залуучууд олон бий. Хамгийн чухал нь эргэж эх орондоо ирээд ажиллах боломжийг нь бүрдүүлэх нь хамгийн чухал.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ