Оройтсон бороо ургацын болцод муугаар нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Оройтсон бороо ургацын болцод муугаар нөлөөлнө

Оройтсон бороо ургацын болцод муугаар нөлөөлнө

Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төвөөс наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлыг тодрууллаа. Ингээд Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Ч.Сарантуяа цаг агаарын төлөв байдлын тухай мэдээлэл өгснийг хүргэж байна.


-Наймдугаар сар дуусахад хэд хоног үлдээд байна. Үлдсэн хоногуудад цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу?

Олон жилийн дунджаар наймдугаар сард Монголын нийт нутгаар харьцангуй бороо хур багасаж, намрын дулаан хоногууд үргэлжилдэг. Гэтэл энэ жилийн хувьд зуны улиралд хур бороогүй байсан бол наймдугаар сар гарч, хур бороо ахиу орж байна. Өнгөрсөн хоногуудад Төвийн бүс нутаг, Зүүн аймгуудын нутгаар хоногтоо 20-40 мм усархаг хур тунадас орлоо. Бороо орохын өмнө салхины хурд ширүүсч, нөөлөг салхины аюул ажиглагдаж байна. Одоо үлдэж буй 10-аад хоногт нийт нутгаар сэрүүхэн байна. Төв болон Зүүн аймгуудаар дундаж хэмжээнээс ахиу бороо орох төлөвтэй байна. Тодруулбал энэ сарын 22-нд нутгийнхаа Төв хэсэг, 23-нд нутгийнхаа Зүүн хагаст бороо орно. Агаарын температурын хувьд хур бороотой өдрүүдэд харьцангуй сэрүүснэ. Цаашдаа энэ сарын 24, 27-нд Төв болон Зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхины хурд зарим үед 14-16 м/секунд хүрч ширүүснэ.

-Наймдугаар сард шөнөдөө 0-5 хэм хүрч сэрүүснэ гэсэн мэдээлэл байсан. Сүүлчийн хэд хоног дараалан бороо орсны дараагаар намрын сэрүүн орж эхэллээ. Өмнөх хоногуудаас хэдэн хэмээр сэрүүсээд байна вэ?

– Энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, Хөвсгөл,  Хангай, Хэнтийн уулархаг нутгаараа 2-3 хэм хүрч хүйтэн хононо. Уулархаг бүс нутгаараа цочир хүйтрэх төлөвтэй байна. Төв болон Зүүн аймгуудынхаа тал хээрийн нутгаар шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Наймдугаар сарын сүүлчээр бороо хур багасаад, дулаарах төлөвтэй байгаа.

Өнгөрсөн хоногуудад Баруун болон Төвийн нутгуудаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орлоо. Өдөртөө Төв болон Говийн бүсийн зүүн хагаст 22-32 хэм хүрч халж байсан бол энэ сарын 19-ний өдрөөс нийт нутгаар сэрүүсч, бороо орж эхэлсэн. Зарим нутгаар хагас хоногтоо 56 мм хүртэл усархаг аадар бороо орж, сэрүүссэн. Агаарын температурын хувьд нийт нутгаар өдөртөө 14-19 хэмийн дулаан байна.

-Тариалангийн бүс нутгаар хур бороо хэр орж байна вэ. Ургац хураалтын үеэр хур бороо үргэлжлэн орж байгаа нь болцод сөргөөр нөлөөлөх үү?

-Наймдугаар сарын бороо оройтож, олон өдрөөр үргэлжлэн орж байна. Одоогийн байдлаар Сэлэнгийн бүс нутгаас бусад Төв, Хэнтий аймагт ургац тааруухан байгаа. Зуны улиралд хур бороо орох хугацаандаа ороогүй, нэлээд халуун байсан. Гэтэл буудайн болц эхэлж байгаа энэ үед бороотой, сэрүүн өдрүүд үргэлжлээд байвал ургацын болцод муугаар нөлөөлнө. Гэхдээ наймдугаар сарын сүүлчээр бороо хур татарч, өдөртөө дулаарах төлөвтэй байгаа.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж