Алдарт хувьсгалт нам гэдэг нэр таалагдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Алдарт хувьсгалт нам гэдэг нэр таалагдахгүй байна

-С.Молор-Эрдэнэ: Монголын алдарт хувьсгалт нам гэдэг нэр надад таалагдахгүй байна-

МАХН-ын түр штабын зохицуулагч С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ын түр штаб энэ сарын сүүлчээр үйл ажиллагаагаа албан ёсоор зогсооно гэж сонссон маань зөв үү. Та нарыг өөрийн гэсэн намтай болсон гэдэг үүднээс  бодоход шүү дээ?
-Тийм ээ.  МАХН-ын түр штаб онц их хурлаа хийснээр даалгавар маань биелж байгаа юм.

-Хэний өгсөн ямар даалгавар вэ?
-Өөрийнх нь л даалгавар. Өөрөө ямар даалгавар, ямар зорилгоор байгуулагдсан юм, тэр зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Гэрийн даалгавар гэсэн үг шүү дээ.

-Удирдлагад нь байгаа хүмүүсийн даалгавар уу?
-Тийм ээ. Ерөнхийдөө ард олонд улс төрд ийм үйл явц болж байна гэдгийг ойлгуулах зорилго байсан. Хуучин МАХН-ын гишүүдийг очих газартай, уулзах хүнтэй болгох зорилт. Тэднийг хүлээн авах үүрэгтэй штаб байсан. Мэдээж цаад зорилго нь болоогүй. Цаашид үргэлжилнэ. Гишүү­дээ бүртгэнэ. Намын үүр, хороогоо сэргээнэ. Гэхдээ энэ бүхэн чөлөөтэй өрнөөгүй. Маш их сүрдүүлэг, дарамт байсан. Түр штаб өөрөө олны анхааралд орчихсон учраас маш их хүндрэлийг даван туулсан.

-Үүр, хороог хуучин МАХН-ын зохион бай­гуулалтыг түшиглэж МАН-ын гишүүдийг “урвуулах” замаар сэргээх үү. Аль эсвэл бүр шинээр байгуулах уу?
-Яг сэргээнэ гэж ярихад хэцүү болчихоод байна.

-Яагаад. Шалтгааныг нь тодруулмаар байна?
-Одоо энэ Монгол Ардын нам гэхэд нэрээ сэргээгээгүй шүү дээ. Харин Г.Баасан ламын байгуулсан намыг л тэд сэргээсэн.

-Харин танай түр штаб?
-Манай түр штаб Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээр цаашдаа явах нь зөв гэж үзэж байсан. Энд юуг  ч өөрчлөх шаардлагагүй. Бид тэртэй тэргүй амжилтад хүрсэн. Монгол Ардын намд элсэхгүй гэсэн бодолтой хүмүүсийн хүчээр цаашаа явна.

-Гэхдээ энэ штабаас Монгол ардын хувьсгалт нам бус Монголын алдарт хувьсгалт нам гэдэг улс төрийн шинэ хүчин “төрөх” нь тодорхой болчихсон. Та Монгол Ардын намыг шинэ нам гэж үзэж байгаатай яг адилхан. Товчлолыг нь эс тооцвол шүү дээ?
-Харин тийм ээ.

-Тэгэхээр хуучин Монгол ардын хувьсгалт намыг сэргээнэ гэж яривал асуудлыг хэтэрхий ойлгомжгүй болгож байгаа  хэрэг биш үү?
-Юу ч гэдэг юм бэ дээ. Үнэхээр өөрийн чинь хэлснээр Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээ бид авч чадсангүй. Монгол Ардын намд үлдчихлээ. Тэгэхээр бид тулгалтад ороод “Ямар ч байсан нэртэй л болж авъя” гээд Монголын алдарт хувьсгалт нам гэдэг нэрийг авсан. Мэдээж товчлол нь МАХН.Хуучныг санагдуулах хэрэгтэй гэдэг үүднээс бид сонголт хийсэн.

-Та энэ сонголтод сэтгэл хангалуун байгаа юу?
-Яаж сэтгэл хангалуун байх юм бэ. Хуучин нэрээ авах гээд үзтэл цаад тал “Хэзээ ч өгөхгүй” гэдэг тангараг тавьчихсан байхаар хэцүү.

-Энэ утгаараа Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээр улс төр хийхээр төлөвлөсөн танай зорилгод эргэлзээ гарч байна уу. Сэтгэл ханамжийн баталгаа 100 хувиас 90 хувь руу, 70 хувь руу унаад ирэхээр хүсэл зорилго, ирээдүйн төлөвлөгөөнд өөрчлөлт орох тохиолдол байдаг даа?
-Надад өөрчлөлт орсон.

-Ямар өөрчлөлт?
-Ерөөсөө нэг нэр, нэг нам гэсэн хязгаарлагдмал хүрээнд баригдах ямар шаардлагатай юм бэ. Тэртэй тэргүй миний зорилго энэ улс төрийг өөрчлөх юм чинь шинэ улс төр хийх ёстой юм байна гэдэг бодол төрсөн. Нэрийн асуудал сүүлдээ үнэхээр утгаа алдсан. Одоо бүр өөр илүү гоё утгатай, нийгэм рүү хандсан шинэ нэр олох ёстой гэсэн бодол байна.  Түүнээс бус нэг намаас салсан, сэглэгдчихсэн ийм нэр надад ёс суртахууны болоод гоо сайхны хувьд ч таалагдахгүй байгаа. Нэг ёсны онц их хурлаа хийгээд, өөр илүү гоё нэр бодож олох хэрэгтэй болчихлоо л доо.

-Юу яасан Монголын алдарт хувьсгалт нам. Цоо шинэ нэр л хэрэгтэй гэж үү?
-Тийм ээ. Нийгэмд шинэ уур амьсгал оруулж ирэх нэр бидэнд хэрэгтэй. Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээ мартъя л гэж хэлэх гээд байна л даа.

-Таны хувьд МАХН гэдэг товчлолд “хайртай”, “дуртай” байхаа больчихсон юм уу?
-Больсон.

-Өмнө нь МАХН гэдэг товчлол ч, нэр ч бүрэн утгаараа бидэнд хэрэгтэй гэдэг итгэл үнэмшилтэй байсан биз дээ?
-Байхгүй яадаг юм бэ. Сүүлдээ  би доогуур түвшний улс төр болоод байна гэж харж байгаа. Би ийм улс төрийг анхнаасаа хүсээгүй.

-Энэ бол та нарын эхлүүлсэн улс төр. Тэгэхээр та нар өөрийн тань хүсээгүй гээд байгаа доогуур түвшний улс төрийг санаачлагч байх нь тодорхой шүү дээ. Та гэхэд л үүнийг эхлүүлэхийн тулд улс төрийн онолын хичээл заах нь холгүй  анхнаас нь удирдсан. Барууны онол ийм, зүүн нь тийм гээд л. Улс төрийн онолын суурь мэдлэг олгодог хичээлийн лекц шиг л зүйл болсон?
-Тийм ээ, үнэхээр өнөөдрийг хүртэл доогуур түвшний улс төр болж ирсэн.

-Тэгвэл доогуур түвшний улс төр гэдгийг нь мэдсээр байж өөрөө голд нь чанга дуугарах хэрэг байсан юм уу?
-Үгүй яах вэ дээ. Анх Монгол ардын хувьсгалт нам дотроо зөрчилдсөн. Би анх энэ намд улс төрийн онол байгаа байх гэж боддог байсан.

-Тэгсэн байгаагүй гэж үү?
-Тийм ээ.

-Та итгээд л байсан хэрэг үү?
-Үнэхээр итгэж байсан.

-Одоо харамсалтай санагдаж байна уу?
-Харамсалтай.

-Итгэл тань алдарчихсан гэсэн үг үү?
-Тийм ээ.

-Тэгвэл улс төрийн онол, соёл, ёс зүй мэдэхгүй хүмүүсийн өмнөөс мэддэг хүний үүднээс мэтгэлцсэндээ харамсч байна уу?
-Харамсах ч юу байх вэ дээ. Яг үнэндээ надад амтгүй байдаг. Ярих болгонд л амтгүй байдаг. Өөдөөс ганц хүн гарч ирээд улс төрийн онолын талаар халз болохоор цаг үргэлж амтгүй байсан. Би Монголд улс төр байхгүй байхад нь байгаа гэж бодоод л яваад байсан юм билээ. Монголд философич байхгүй байхад л би байна гэж бодоод л яваад байсан. Би МУИС-д улс төр, философи байдаг гэж итгэсэн. Гэтэл тэнд ч байгаагүй. Би ердөө л хаяганд нь итгэчихсэн байсан.

-Та тийм гэнэн хүн үү. Аль эсвэл итгэл тань зүгээр л төөрөгдөл байсан юм уу?
-Би хаяганд итгэсэн гэнэн хүн юм шиг л байна.

-Надад харин бүр ч харамсалтай санагдчихлаа?
-Яагаад.

-Таны үгийг сонсоод тодорхой хэмжээнд “Энэ залуу зөв яриад байна уу даа” гэх хүн гарч ирснийг би хувьдаа үгүйсгэхгүй. Гэтэл олон хүнд нөлөөлж чадсан С.Молор-Эрдэнэ гэдэг хүн МУИС-ийн хаяганд итгэж, улс төр хийсэн гэхээр тэр л дээ?
-Үгүй ээ, итгэж л таарна шүү дээ. Тэнд профессор цолтой багш байна. Гадаад, дотоодод сургууль төгссөн хүмүүс байна.

-Энэ чинь багш нараас дэмжлэг авна гэсэн итгэл байсан юм биш үү?
-Итгэж байсан. Одоо ч итгэж байгаа. Би МУИС-ийг Монгол Улсын хөгжлийн эхлэх цэг байгаасай гэж хүсдэг. Миний яриад байгаа зүйл уг нь тэндээс л эхлэх ёстой байсан юм. Харамсалтай нь тэндээс эхэлсэнгүй.

-За, асуудал хүссэн газраас тань эхэлсэнгүй. Дээр нь та Ц.Шинэбаяр гишүүний сонгосон нэрийг явцгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Ц.Шинэбаяр гишүүн Монголын алдарт хувьгалт нам нэрээр хол явна гэж итгэж байгаа. Энэ хоёр өөр ойлголцлын дунд МАХН-ын түр штабын тулах цэг болох гол итгэл үнэмшил нь юу болчихов гэдэг  бас их сонин байна?
-Яах вэ дээ, үүнийг онц их хурлын гишүүд л шийдэх байх. Надад бол нэг их таалагдахгүй байгаа.

-Анх энэ нэрийн талаар хоорондоо ярилцаагүй юмуу?
-Арваад нэр гаргаж ярилцахад аль нэгийг нь авч дээ л гэж бодсон. Одоо нөхцөл байдал эргэчихлээ шүү дээ. Бидэн дээр МАХН-ын гишүүн биш хүмүүс үйл ажиллагааг чинь дэмжинэ гээд ирж уулзаж байна. Тийм болохоор одоо толгой маань ажиллаж эхэлж байна. Энэ чинь нэг намын асуудал бус нийгмийн асуудал юм байна гэдгийг ойлголоо. Тэгэхээр миний цаашдын зорилго бол шинэ улс төр. Улс төрийг өөрчилж, шинэчилнэ. Би үүндээ л итгэж байна. Үнэхээр шинэ улс төрийг хийхээс өөр сонголт надад байхгүй. Миний хувьд Монголын улс төр, нийгэмтэй танилцах үйл явц болж өнгөрлөө. Хүмүүс ингэж дэмжиж байгаа учраас их хүчтэй болж байна. Тийм болохоор номоо ч бичихээ больсон.

-Шинэ улс төрд орох бодолдоо хөтлөгдөөд шууд улс төрд эргэлт буцалтгүй орчихлоо гэж үү?
-Тийм ээ, орчихлоо л доо. Би өмнө нь улстөрчдийг улс төрийнхөө ажлыг сайн хийж байгаа гэж боддог байсан бол одоо тэднийг юу ч хийдэггүй байсныг нь ойлгосон. Ямар ч байсан Үндсэн хуулийг өөрчлөх нь миний үндсэн зорилго. Ямар ч нөхцөлд Монгол Улсыг монгол хүнээ хамгаалдаг Үндсэн хуультай болгоно.

-МАХН-ын түр штаб онц их хурлаа хийх үеэр та намын шинэ нэр санал болгох уу?
-Үгүй байх аа. Өнөөдөр ажигласнаар намын нэр нэг их чухал биш юм билээ. Иргэд энд цуглардаг хүмүүсийн цөм нь ямар хүмүүс байна вэ гэдгийг мэдэж байгаа. Хүмүүс хүлээн зөвшөөрсөн учраас нэртэй нэг их хөөцөлдмөөргүй байна.

-Гэхдээ л УИХ-ын сонгуульд МАХН гэдэг товчлолтой, бэлгэ тэмдэг нь үл ялиг ялгаатай намууд олноор орвол та бүхэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй нь ойлгомжтой. Энэ тохиолдолд адил төстэй лого болон нэрийн товчлолын нэгнийх нь ард та ч, Ц.Шинэбаяр гишүүн ч очиж зогслоо гээд ялалт та бүхний тал руу эргэх нь эргэлзээтэй шүү дээ?
-Наадах чинь л харин хамгийн том асуудал болоод байна. Тийм болохоор онц их хурлаа хуралдуулахад бас жаахан асуудал үүсээд байгаа.

-Яг үнэндээ МАХН гэдэг товчлол улс төрийн “хог” болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Тийм ээ, тийм. Дараалсан олон МАХН бичигдэх байх. Үнэхээр сонгогчид “Та нар аль МАХН нь вэ” гэх байх.

-Тэгэхээр гарцыг нь яаж  харж байна?
-Зохион байгуулж байгаа хүмүүстэйгээ ярилцана. Энэ бүхэн үнэхээр амар биш байна.

-Танай түр штабыг онц их хурлаа хийхийн тулд 120 сая төгрөгийн эрэлд гарсан, санхүүжилт олж чадахгүй байгаа гэх яриа гарч байсан. Үнэн үү?
-Би санхүүжилт хариуцдаггүй. Гэхдээ санхүүгийн ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлж чадна. Манайд  тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг дэмжигчид бий. Тэгээд ч сайн юмыг мөнгө дагадаг гэсэн үг байдаг биз дээ.

-Та нарыг тэгж дэмжих эцсийн зорилго нь тэдний хувьд юу юм бол?
-Хүнд чинь хувийн таашаал гэж байдаг шүү дээ. Тэд нийгмийг цэвэр, шударга болоосой гэсэн хүслээр биднийг дэмждэг. Өнөөдөр Монголын улстөрчид гадныхны даалгавраар ажиллаж байна. Монголчуудыг зээлийн хүүгийн дарамтад оруулчихсан. Хөдөөгүүр малчид хятадуудын малыг маллаж байна. Гадаадын колони бодлогод захирагдсан дотоодын олигархиудын эрх ашигт жирийн иргэд туйлдаж байна. Үүнийг юу гэж нэрлэмээр юм бэ дээ. Биднийг дэмжиж байгаа хүмүүс үүнийг хүсэхгүй байгаа учраас, таслан зогсоохын тулд биднийг дэмждэг.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар л ажиллаж байгаа гэдгийг эсрэг талынхан чинь хэлдэг. Чамгүй олон хүн үүнд итгэчихсэн байгаа байх. Та ямар ч шударга үг хэлсэн ард нь Н.Энхбаяр байгаа. Тэр хүний даалгавраар Монгол Ардын намыг хагалж байна гэж хэлүүлэх нь тодорхой?
-Тодорхой л доо. Тэр хүн миний ард биш дэргэд байгаа. Үүнийг нуухгүй. Би уулзаж ярилцдаг. Улс орны ирээдүйн хөгжлийн талаар, улс төрийн талаар хангалттай санал солилцдог. Надад зөрчилдөх үе ч байдаг. Би маш их шүүмжилдэг. Өмнө нь сууж байгаад л хэлдэг. Өөрт нь зарим үед эвгүй л байдаг байх.

-Дэргэд нь байхад тэгээд хамтарч болмоор хүн санагдсан уу?
-Өнөөдрийг хүртэл хоёр тийшээ болчихгүй явааг бодоход болж л байгаа биз дээ. Ямар ч байсан өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд маш их алсын хараатай, холын бодолтой, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол хариуцлагатай, шийдвэрлэх цаг үе ирж байна.

-Н.Энхбаяр тэгээд өөрийн тань бодлоор энэ хүнд цаг үед зөв шийдлийг гаргаж ирэх хүн мөн үү?
-Би бол улс төрийн туршлага, мэдлэг, боловсролын хувьд Монголд хэрэгтэй хүн гэж боддог. Монгол Ардын намыг хар л даа. Тэнд Н.Энхбаярын талд нь хүрэх, дөхөж очих нэг ч хүн байхгүй. Энэ утгаар нь би түүнийг хэрэгтэй хүн гэж хэлнэ.

-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өчигдөр /нэгдүгээр сарын 19-нд./

-Юун тухай ярилцав?
-Онц их хурлаа яаж хийх вэ, мөн  түр штабын ажил ямархуу байгаа талаар  ярилцсан. Бид Монгол оронд болж байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар долоо хоногтоо нэг удаа  заавал уулзаж ярилцдаг. Тэр хүний сэтгэл нь зовоод байна шүү дээ. Байн байн уулзаж ярилцах гээд л.

-Ямар ч байсан таны энэ ярианаас үүдээд Монголын алдарт хувьсгалт нам гэдэг улс төрийн шинэ хүчин “мэндэллээ” гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дэмжиж оролцох нь тодорхой гэж үзэж болох нь ээ?
-Тийм ээ. Тодорхой. Тэр хүн үргэлж дэмжиж байгаа. Би түүнийг гар бие оролцоосой гэж хүсдэг.

-Танайхан уг нь “Бидний ард Н.Энхбаяр байхгүй” гэдэг  байсан?
-Ард гэхээр чинь бидний арын тулах цэг шиг ойлгогдоно шүү дээ. Тийм юм байхгүй. Бид уулзахаараа удаан ярилцдаг. Улс төр ингэж явж байна. Улс төрийн онолд ийм байдаг. Яг социал демократ үзлээ барьж явна шүү гээд л санал бодлоо солилцдог. Яг л чамтай ярилцаж байгаатай адилхан ярилцдаг.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:  "Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж