Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, экспортын шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүний судалгааны ажлууд эхэлснээс гадна уул уурхайн бус салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох, гадаад худалдаа эрхлэгчдэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлууд эхэлсэн бөгөөд төсөл нь 4.5 жилийн хугацаанд хэрэгжинэ.
“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд нэвтрүүлэх, экспортын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож хөгжүүлэхэд зарцуулсан бизнесийн стратеги төлөвлөлт, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл, чанарын гэрчилгээ авах зэрэг зөөлөн хөрөнгө оруулалтын зардлын 50 хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр нөхөн олгохыг санхүүгийн дэмжлэг гэж тодорхойлж байгаа юм.
Нэг аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ нь 100,000 ам.доллар байх бөгөөд зөвхөн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болон зөвшөөрөгдсөн зардлын 50%-ийг нөхөн олгоно. Төсөлд хамрагдахын тулд тухайн ААН нь сүүлийн 2 жилийн турш тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх, борлуулалтын орлого нь сүүлийн 2 жилд тус бүр 10 мянган ам.доллараас 3 сая ам.доллар байх болон дээрх 2 жилийн аль нэгт нь ашигтай ажилласан байх шалгууруудыг хангах шаардлагатай. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг, дунд ААН-үүд энэ төсөлд хамрагдан төслөөс ашиг хүртэх боломж нээгдсэн.
Төслийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Экспортыг Дэмжих төслийн www.edp.mn вэбсайтаас татаж авах боломжтой.
Экспортыг Дэмжих төслийн танилцуулгыг дараах http://edp.mn/Files/edp_mn.pdf холбоосоор орж татаж авна уу.
Эх сурвалж: ХХААХҮЯ