Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Томилогдсоноосоо хойш хөдөө их явах шиг боллоо. Өмнө нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсны хувьд газар дээр нь ажиллахад нөхцөл байдал хэр байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбар учраас хөдөө ажиллах шаардлага их гардаг. Томилогдсоноосоо хойш жилийн бараг 60 хувьд нь хөдөө ажиллалаа. Гоц халдварт өвчин, баруун аймагт гарсан мялзан өвчин, Шадар сайдтай хамт зудтай бүх аймгуудыг тойрлоо. Хамгийн сүүлд зүүн бүсийн Хөдөө аж ахуйн зөвлөгөөнд сайдтай оролцоод саяхан хотод ирлээ. Би 2008-2012 онд энэ яамныхаа дэд сайдаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, өвөлжилтийн бэлтгэл, малыг эрүүлжүүлэх гээд ажил их байна. Мөн энэ сарын 10-наас гантай байгаа аймгуудад гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсэг гарлаа. Нэг үгээр хэлбэл хөдөө аж ахуйн яаманд өдөр шөнөгүй ажил буцалж байна.
-Малчдын амьжиргаа, тариа ногоо гээд салбарын ажлын гол цөм нь хөдөөгөөс л харагддаг байх?
-Дөрвөн жилийн дараа салбартаа эргэж ирж байгаа хүний хувьд өөрчлөгдсөн зүйл их байна. Биднийг ажиллаж байхад батлагдсан “Атрын III аян”, “Монгол мал” хөтөлбөр зогссон байна. Байгуулсан нэгжүүдийг мэргэжлийн бус хүнээр бүрдүүлсэн, малаа эрүүлжүүлээрэй гээд сум болгонд өгсөн фургон машиныг Тамгын газрын ачааны машины зориулалтаар ашигласан явдал их байна. Тухайн үед бид дотооддоо 100 хувь улаанбуудай, 60 хувь хүнсний ногоогоо хангах хэмжээнд хүргэж өгсөн ч газар тариалангийн чиглэлээр хийгдсэн олон ажил зогссоныг иргэд хэлж байна.
2015 оны хавар гарсан малын гоц халдварт өвчнүүдийг бага дээр нь устгаагүйгээс одоо ч гэсэн мэр сэр гоц халдварт өвчин гарсан газрууд байна. Гэхдээ монголын бүх мал өвчтэй гэж хэлж болохгүй. Эрүүл бүсээ хадгалж авч үлдээд махаа экспортлох ажилдаа бэлтгэх хэрэгтэй. Гадаадын улс орнууд монголын махыг их сонирхдог ч шүлхий өвчин зэргээс зайлсхийж байна. Туркийн худалдаа гаалийн сайдтай уулзахад энэ асуудлыг ярьж байсан. Тиймээс яамны зүгээс Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг Улсын Их хуралд өргөн барьсан. Хурдан батлагдаасай гэж хүлээж байна. Хууль батлагдчихвал мал төрийн мэдэлд орно. Малыг хувьчлаад үр дүнд хүрсэнгүй. Мал, мал эмнэлгийг төрийн мэдэлд авах нь зөв юм байна гэдэг асуудлыг малчид ч хэлж байгаа.Энэ жил малын ноолуур үнэ ханш өссөн учраас малчдын магнай бага ч гэсэн тэнийх шиг боллоо. Ер нь бол малын махыг гадагшаа өндөр үнээр гаргах нь малчдын амьжиргааг дээшлүүлэх гол хөшүүрэг. Мөн сумдад мах сүүний аяны хүрээнд үйлдвэр байгуулж байгаа. Зөв хэрэгжүүлж чадвал сайн үр дүнд хүрнэ. Бага оврын сүүний үйлдвэр байгуулж дотоодынхоо сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Монголын сарлагийн бяслагийг дэлхий нийт сонирхож байна. Олон улсад гаргах чиглэлээр зөв зүйтэй ашиглаж чадах юм бол малын түүхий эд дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломж байна. Үүнээс гадна монгол малын арьс үнэд хүрэх ёстой. Арьс цоорох өвчнөөс болоод дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Малын арьс эрүүл байх юм бол нэг малын ширээр хэдэн гутал хийдэг билээ. Үүнээс эхлээд малын арьсаар маш олон бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэх боломжтой.
Сүүлийн үед мал их давжаарч байна. Засгийн газрын бодлогоор малыг мах, сүүний чиглэлээр үржүүлэх ажил хийж байна. Францаас махны чиглэлийн хонь, өөр орнуудаас сүүний чиглэлийн үнээнүүд оруулж ирж байна. Хамгийн гол нь тооны хойноос хөөцөлдөх биш чанартай мал өсгөх асуудлыг ярих нь зөв.
-Монгол Улс 80 сая малтай мөртлөө мах экспортлох асуудал дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Ченжүүдийн биш малчдын гар дээрээс махыг зах зээлийн үнээр худалдаж авах ажилд салбарын яам ямар бодлого шийдвэр хэрэгжүүлж байна вэ?
-Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар энэ өвөл зуд болох төлөвтэй байна. Тэгэхээр мал экспортлох ажлыг яаравчлах шаардлагатай. Энэ ажлыг яамнаас хийж байна. Энэ жил манай улс халаалт стандартаар мах нядлах сургалтыг хоёр удаа амжилттай хийж хэрэгжүүллээ. Ингэснээр Монгол Улс дэлхийн 45 оронд мах экспортлох боломжтой боллоо. Мах экспортлох ажлын хүрээнд Вьетнам Монголын Засгийн газрын хуралдаанаар ямааны гүн хөлдөөсөн мах экспортлох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ ажлын хэсгийг хоёр орны яамны дэд сайд ахалж ажиллаж байна.
Мах экспортлохын тулд хамгийн түрүүнд малыг эрүүлжүүлэх ёстой. Гоц халдварт өвчин гарахгүй байх юм бол дэлхийн аль ч улс орон руу махаа гаргах үүд нээгдэнэ. Иран, Турк зэрэг орнууд малыг амьдаар нь авахыг хүсч байгаа. Гэхдээ манай улсын бодлого малыг амьдаар нь гаргах биш дахин боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн байдлаар гаргахыг эрмэлзэж байна. Малаа эрүүлжүүлэхийн тулд хил гааль дээр орчин үеийн шаардлага хангасан ариутгалын төхөөрөмжийг тавих ёстой. Агаар дуслын замаар малын өвчин халддаг учраас хил дээр мал хүнийг ч давхар ариутгах шаардлагатай. Одоо ашиглаж байгаа дугуйн ариутгал зэрэг нь шаардлага хангахгүй. Малын эмч нарыг олон удаагийн давтан сургалтад хамруулж бэлтгэж байх ёстой. Шүлхий өвчин гарахад боловсон хүчин бэлэн бус байсан. Гэхдээ манай малын эмч нар чадвартай.Мялзан өвчинтэй 30 хоног тэмцээд баруун аймгийнхыг зогсоосныг дэлхийн экспертүүд сайшааж байсан. Одоо 2-3 газрын шүлхийг зогсоож чадах юм бол малаа эрүүлжүүлж чадна.
-45 орны хэдтэй нь одоогоор холбоо харилцаа тогтоогоод байна вэ?
-Иран, Турк гээд Дундаж азийн орнууд манайхаас малын мах авъя гэдэг хүсэлтийг тавьж байна. Дундад азийн зарим орнууд хурга авъя гэж байна. Монголчууд нялх амьтныг нядлаад гадагш гаргадаггүй. Малаа эрүүлжүүлж чадах юм бол цэвэр бэлчээрээр тэжээгддэг монгол малын мах хаана ч үнэд хүрнэ.
-Өвөлжилтийн нөхцөл байдал хэр байна вэ. Ургацын урьдчилсан баланс хэзээ гарах вэ?
-Засгийн газрын тогтоолоор гангийн байдлыг үнэлэхэд энэ сарын 10-ны байдлаар 80 орчим суманд буюу нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 140 орчим сум буюу 40 орчим хувь нь гандуу байна гэсэн дүгнэлт гарч байна. Үүнтэй холбогдуулан яамнаас бүх аймгийн удирдлагуудаас өвөлжилт, ургацын байдлын урьдчилсан дүн мэдээг авч дүгнэлт хийж байна. Энэ жил хаа сайгүй гандуу байгаагаас ургац алдах болгоомжлол бий. 517.4 мянган га талбайд үр тариа 391.6 мянган га-д, улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.5 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д тариалсан. Тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээж авах ажлыг өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулж 13 аймгийн 84 сумаар явсан. 1198 аж ахуйн нэгж иргэдийн 366.9 мянган га-д улаанбуудайн тариалалтыг хамруулахад 75.5 хувь нь соёололтоор онц, сайн дүгнэлт гарсан. Ургацын урьдчилсан баланс гараагүй. Бид аль болох ургацаа алдахгүй хурааж авахын төлөө яам, тариаланчид зүтгэж байна. Энэ жил ургацынхаа 40-өөд хувийг алдах магадлал өндөр байна. Харин сүүлийн үед зарим газар хур бороо орж зуншлага сайжирч байна.
-Салбарын яамны зүгээс техник тоног төхөөрөмжөөс эхлээд тариаланчдыг хэрхэн дэмжиж байна вэ?
-Техник тоног төхөөрөмжийг оруулж ирж байна.ОХУ, Хятад болон барууны орнуудаас тариалангийн техник тоног төхөөрөмж эхнээсээ ирж байна. Мөн тариаланчдад шатахуун, улаанбуудайн урамшуулал өгдөг байдал хэвээрээ. Тариаланчдыг төр бодлогоор чадлаараа дэмжиж байгаа. Урьдных шиг маргалдаж муудалцаж жагссан зүйлгүйгээр хөдөө аж ахуйн яам тариаланчидтай хамтарч ажиллаж байна.
С.УЯНГА
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ