“Дэрэн”-гээс бусад нь гурван оноо авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

“Дэрэн”-гээс бусад нь гурван оноо авч чадсангүй

“Дэрэн”-гээс бусад нь гурван оноо авч чадсангүй

МХБХ-ны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн энэ удаагийн улирал урьд хожид байгаагүй өрсөлдөөнтэй болж байгаа гэхэд хилсдэхгүй. “Арвайн үндэс” ХХК-тай 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй 125 сая төгрөгийн шагналын сантай тус лиг өндөрлөхөд 5 тойрог үлдээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 13-р тойргийн тоглолтууд маш өрсөлдөөнтэй боллоо. Учир нь энэ тойрогт болсон 5 тоглолтын 4-т нь ялагч байсангүй. Энэ улиралд нэг тойргийн 4 тоглолт бүү хэл, 3 тоглолт ч тэнцээгээр өндөрлөж байсан удаагүй. 2 тоглолт тэнцэж байсан хэдхэн тойрог бий. Үүнээс харахад багуудын чанар чансаа, ур чадварын түвшин улам ч ойртож байгаа мэт.

СЭЛЭНГЭПРЕСС 2:2 ЭФ СИ УЛААНБААТАР

13-р тойргийг нээж, ижилхэн 10 оноотой явсан Сэлэнгэпресс, Эф Си Улаанбаатар багууд тоглосон. Улирлын эхэнд болсон тоглолтод Сэлэнгэпресс 3:1-ийн харьцаатай хожсон учраас хүснэгтэд өрсөлдөгчийнхөө өмнө бичигдэж байсан юм. Тус тоглолтод 2 гоол оруулж байсан Сэлэнгэпресс клубийн довтлогч Б.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн тоглолтод ч мөн 2 гоол оруулж, Эф Си Улаанбаатарын эсрэг сайн тоглодог уламжлалаа давтлаа. Харин зуны наймааны цонхоор О.Баяржаргалыгаа буцаан авсан Эф Си Улаанбаатар өмнөх тоглолтоос хойш чамгүй сайжирсан гэдгээ харуулж, 2 гоолоор хариуг нь барьсан. Улирлын 2-р хагас эхлээд 3 тоглолтод дараалан гоол оруулж амжаагүй байсан Япон довтлогч Мотохиро Канеширо улирлын 8 дахь гоолоо оруулсан бол О.Баяржаргал хуучин багтаа ирээд лигийн 3 дахь гоолоо оруулжээ. Өнгөрсөн 7 хоногт өөрийн 28 насны төрсөн өдрөөрөө “Холбооны цом”-ын тэмцээнд хэттрик хийсэн “Хаба” Эф Си Улаанбаатарт ирээд бүх тэмцээнийг оролцуулан 5 тоглолтод 7 гоол оруулаад байна. Тоглолтын дараа багуудын хүснэгтийн байрлалд өөрчлөлт орсонгүй.

ХАНГАРЬД 1:1 ГОЁО ЭФ СИ

Шинэ ивээн тэтгэгчтэй болсноосоо хойш хожигдоогүй байгаа Гоёо Эф Си энэ удаад Эрдэнэт хотод зочилж, хүчирхэг Хангарьдын эсрэг нүүр тулсан. Улирлын эхэнд Хангарьд МХБХ-ны талбайд Гоёо Эф Си клубийг 1:0-ээр хожиж, анхны 3 оноогоо авч байсан түүхтэй. Гэхдээ энэ удаад тус тоглолтын цорын ганц гоолыг оруулж байсан С.Ганхуяг болон багийн ахлагч А.Эрдэнбаяр, хамгаалагч Л.Батсүх, Т.Энх-Эрдэнэ, хагас хамгаалагч П.Баярцэнгэл нарын тоглогчид торгуулийн улмаас тоглоогүй. Энэ нь зочин багт ашигтай боловч эхний үед лав тийм зүйл ажиглагдсангүй. Эхний үед Хангарьд хяналтыг гартаа авч, торгуулийн цохилт хийх эрхтэй болсон ч 6-р сарын шилдэг тоглогч Пол Эбукагийн пеналтийг Гоёо Эф Си клубийн хаалгач Такүми Томизава хааж дөнгөв. Гэсэн ч Эрдэнэтийн баг үргэлжлүүлэн довтолсоор улирлын 3 дахь тоглолтдоо л гараанд гарсан Б.Балжинням гоолын салхийг хагалсан. Гэвч 2-р хагас эхлээд бүх зүйл эсрэгээрээ эргэв. Гоёо Эф Си клубийн довтолгоо энэ үед эрчимжиж, алсын цохилтын мастер П.Энхбилэг 68 дахь минутад нөгөө л алсын цохилтоороо тоог тэнцүүллээ. Залуучуудын шигшээ багийн тоглогч энэ улиралд оруулсан 5 гоолоо бүгдийг нь торгуулийн талбайн гаднаас оруулаад байна. Тоглолт 1:1-ээр өндөрлөж, Хангарьд хүснэгтийн 2-р байранд дэвшсэн бол Гоёо Эф Си 5-р байрандаа үлдлээ.

ДЭРЭН 2:0 АТЛЕТИК

Хэрвээ та бүхэн санаж байгаа бол эдгээр багуудын хооронд болсон эхний тоглолт маш хүнд болсон. Атлетик 220 клубийн хамгаалагч Ейсүке Мори ноцтой бэртэж, хэсэг ухаан алдсан ч эмч нарын буянаар амь наснаас нь холуур өнгөрсөн билээ. Тус тоглолтод Атлетик 220 Н.Наранболдын гоолын ачаар 1:0-ээр ялалт байгуулж, улирлыг 4 дараалсан хожлоор эхлүүлж байсан. Харин энэ удаад лигийн мэргэн буучдын жагсаалтыг 10 гоолтой тэргүүлж яваа тэрээр торгуулийн улмаас багтаа тус болж чадаагүй. Тоглолтын турш бороо шивэрч байсан нь тамирчдын тэсвэр, тэвчээрийг шалгаж байлаа. Эхний үе гоолгүй өндөрлөсний дараа Дэрэн клубийн довтлогч М.Жансерик хаалгачийн эсрэг ганцаараа гарч, багтаа тэргүүллийг авчирсан юм. Үндсэн цаг өндөрлөхөөс 2 минутын өмнө Армен довтлогч Давит Гандилян хаалгачийг давуулж цохин, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Улирлын 2-р хагас эхлээд анхны 3 оноогоо авсан Дэрэн клуб хасагдах бүсээс холдож чадлаа. Харин Атлетикийн хувьд түрүүлэх өрсөлдөөнөөс холдсон юм.

УЛААНБААТАР СИТИ 1:1 ЭРЧИМ

Энэ тойргийн хамгийн анхаарал татсан тоглолтоор 31 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан Эрчим болон 24 оноотой араас нь нэхэж явсан Улаанбаатар Сити багуудын тоглолт байлаа. Хэрвээ Улаанбаатар Сити энэ тоглолтод хожиж чадвал 2 багийн онооны зөрүү ердөө 4 болох байлаа. Аль аль баг гарааны бүрэлдэхүүндээ тактикийн өөрчлөлт хийсэн. Ялангуяа Улаанбаатар Сити багийн Испани дасгалжуулагч Мануэль Ретамеро Б.Цэрэнбаяр, Акира Хигашияма, М.Батхишиг нарын гарааны тоглогчдоо сэлгээнд үлдээж, залуу тоглогчиддоо итгэл хүлээлгэжээ. Гэвч тоглолт эхлээд 20 минут өнгөрч байхад Шута Ишиногийн чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг Г.Төгөлдөрийн оронд төвийн хамгаалагчийн байрлалд гарсан Т.Дөлгөөн мөргөж, Эрчимд тэргүүллийг авчирсан юм. Харин Улаанбаатар Ситигийн залуус эхний үе дуусах мөчтэй зэрэгцэн тоог тэнцүүлж чадсан. Энэ удаад төвийн хамгаалагч Артём Дробишев улирлын 2 дахь гоолоо оруулжээ. 2-р үед Улаанбаатар Ситигийн сэлгээний тоглогчид талбайд орж ирэн, тоглолтын хэмнэлийг өөрчлөхийг хичээсэн ч амжилт олсонгүй. Эрчимийн хувьд улирлын үлдсэн 5 тоглолтын 3-т нь хожиход л түрүүлэх боломжтой.

УНАГАНУУД 2:2 ХОРОМХОН

Энэ тойргийн сүүлийн тоглолт доошоо унахгүйн төлөө өрсөлдөж байгаа Унаганууд Хоромхон багуудын хооронд болсон. Тоглолтын өмнө Унаганууд ердөө 4 оноотой хүснэгтийн сүүлд бичигдэж байсан бол Хоромхон 11 оноотой 7-р байранд бичигдэж байсан юм. Өмнөх тойрогт Сэлэнгэпрессийг 2:0-ээр хожиж, 9 тоглолтод дараалан хожил аваагүй байсан хар цувралаа зогсоосон Хоромхон довтолгооны санаачлагаар илүү байлаа. Гэвч Унагануудын хагас хамгаалагч Э.Пүрэвдорж хаалттай цохилтоос улирлын 4 дэх гоолоо оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Эхний хагаст үүнээс өөр гоол орсонгүй. Харин 2-р үед Хоромхоны довтолгооны улам ширүүсч байсан ч гоол тоог тэнцүүлж чадахгүй л байлаа. 80 дахь минутад Унагануудын ахлагч П.Алтантулга багийнхаа тэргүүлийг холдуулж, тэд 3 оноо авахад ойрхон ирээд байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Унагануудын Япон хаалгач Эцүши Сүзүки 2 ч дараалсан ноцтой алдаа гаргаж, Хоромхоны төвийн хамгаалагч Шон Винберг тухай бүрт нь шийтгэж, 2 гоол оруулсан юм. Ийнхүү Унаганууд ус агаар мэт хэрэгтэй байсан 3 оноогоо алдсанаар дээд лигтээ үлдэх найдвар нь улам холдлоо.

А.ОДБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж