Улс орнууд террористуудын эсрэг | News.MN

Улс орнууд террористуудын эсрэг

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Улс орнууд террористуудын эсрэг

Улс орнууд террористуудын эсрэг

Барселон болон Камбрильсэд гарсан халдлагын дараа дэлхийн улс орнууд олон хүн цугласан газарт аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах цаг нь ирсэн гэдгээ ойлгосон бололтой.

Тухайлбал, Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл террористуудын эсрэг авах нэмэлт арга хэмжээний хүрээнд шинэ стратеги танилцуулав. Энэ баримт бичгийг Австрали болон Шинэ Зеландын террористын эсрэг хороо өнгөрсөн жил Францын Ницца хотод гарсан халдлагын дараа боловсруулж эхэлжээ.

Энэ стратегийн баримт бичигт терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч, орон нутгийн Засаг захиргаа, цагдаа нарын хамтын ажиллагааны механизмыг дүрсэлжээ. Тодруулбал, Австралийн Засгийн газар явган зорчигчийг халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын төмөр, бетонон хашлага зэрэг бусад байгууламжийг нийтийн тээврийн зогсоол, худалдааны төв, ресторан, клуб, зочид буудал, явган хүний гарцын ойролцоо бий болгохоор төлөвлөжээ.

Үүнээс гадна, хувийн аж ахуй эрхлэгч өөрийн аюулгүй байдлаа хангах шаардлага тулгарвал ямар ч асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж байхыг зөвлөжээ. Мөн зэвсэгт халдлага болон химийн зэвсэг ашигласан халдлагын үеэр олон нийт хэрхэн бие авч явах тухай тусгаж өгсөн байна.

Шинэ арга хэмжээ нь австраличуудын эрхийг хязгаарлахгүй гэж Тернбулл тэмдэглэв. Тэрбээр “Парис, Лондон, Берлин, Барселон зэрэг хотуудад болсон цуврал халдлагаас ажиглахад террористууд хүн их цугласан газарт халдлага үйлдэж байна. Иймээс хүн бүр өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд хууль хүчний байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авч байх хэрэгтэй” гэв.

Ерөнхий сайдын танилцуулсан энэ стратегийг Австралийн хууль зүйн сайд Майкл Кинан дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Шинэ стратеги нь Засгийн газар болон бизнес эрхлэгчдэд террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлэхэд тусална” гэв.

Жолооч нарыг шалгана

Австралиас гадна Их Британи улс ч гэсэн терроризмын эсрэг авах арга хэмжээг нэмэгдүүлж байгаа тухай шийдвэрээ танилцуулжээ. Явган хүний зам дээр машинтай халдсан хэд хэдэн цуврал халдлагын дараа тус улсын Засгийн газар автомашин түрээсэлж буй хүмүүст нэмэлт шалгалт явуулахаар болжээ.

“Террористууд явган хүн зам дээр явж буй хүмүүс рүү халдахын тулд ачааны машиныг түрээсэлж байгаад Засгийн газрын сайдууд санаа нь зовж байна” гэж The Telegraph бичжээ.

Үүний зэрэгцээ, автомашин түрээсэлж буй байгууллага хэрэглэгчийнхээ мэдээллийг цагдаагийн байгууллагын шалгалтад өгч байхыг шаардаж байгаа юм байна.

Вестминстер болон Лондоны гүүр дээр гарсан террорист халдлагын дараа тус улсын бизнес эрхлэгчид террорист халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлд нэмэлт арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Ист-Энд дэхь цэцгийн зах дээр тэд дэлгүүр болгоны орох хаалганы ойролцоо өөрсдийн машинаа байрлуулж, аюулгүй байдлаа хангаж байна.

Хамгаалагч – Арслан

Стокгольм хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын долоонд явган хүн зам дээр террористууд халдсанаас хойш тэд аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авч эхэлжээ.

Засгийн газар автомашиныг хурдтай явахыг хориглож, гудамж бүрд хурд сааруулагч хийв. Үүнээс гадна энэ хот гурван тонн жинтэй, 40 ширхэг бетонон арслангийн хөшөө захиалж, халдлага гарсан Дроттнинггатан гудамжинд суурилуулсан байна.

Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен ойрын гурван жилийн хугацаанд Засгийн газар цагдаагийн албан хаагчдын төсвийг 879 сая ам.доллараар нэмэгдүүлсэн гэдгээ мэдэгдэв. Ингэснээр хууль хүчний байгууллагын ажилтнууд олширч, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ гэж харж байгаа ажээ. Улмаар 2024 он гэхэд зэвсэгт харуулууд 10 мянгаар өснө гэсэн төсөөлөлтэй байна.

“Цагдаа нарт нөөц бололцоо дутагдах нь нийгэм, улс оронд ямар аюултай болохыг Засгийн газар ухаараасай гэж бид маш эртнээс хүссэн” гэж Шведийн нэгэн цагдаа ярьсан байна.

Сануулахад, энэ сарын 17-ны өдөр Барселон болон Камбрильс хотод террористууд явган хүний зам дээр машинтай халдаж, улмаар 15 хүн амиа алдаж, 130 гаруй хүн шархадсан билээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” террорист байгууллагаа өөр дээрээ хүлээсэн ажээ.

Испанийн хууль хүчний байгууллагын мэдээлж буйгаар, халдлагын 12 хүн үйлдсэн гэв. Тэд тэсрэх бөмбөг суурилуулах гэж байсан ч энэ үйлдэл нь бүтэлгүйтэж, улмаар хоёр гэмт этгээд нь амиа алдсан байна. Иймээс гэмт этгээдүүд төлөвлөгөөгөө өөрчилж, явган хүний зам руу машинтай халджээ. Одоогийн байдлаар, дөрвөн гэмт этгээдийг баривчилсан бол тав нь Камбрильс хотод буудуулжээ. Харин нэг гэмт этгээдийг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилж байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-22 202.170.68.176

муусайн барууныхан өөрсдөө бүхнийг эхэлчихээд хариуг нь өгөхөөр үхэх гэж байна араб орнуудын хичнээн хүнийг бөмбөгдөж алсанаа санахгүй байнуу

Avatar

Dumb 2017-08-22 146.115.171.17

Tsagaan aristaniig onilood baigaa n yamar uchirtain bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж