“Эчнээ ангийн оюутнууд зээл авч болно”

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

“Эчнээ ангийн оюутнууд зээл авч болно”

“Эчнээ ангийн оюутнууд зээл авч болно”

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг, эхчүүдэд Их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийн асуудал тулгардаг. Боловсролын зээлийн санд ч сургалтын төлбөрийн зээлийн асуудлаар хандах оюутан залуусын хөл тасрахгүй байлаа. Тус сангийн үүдэнд Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан М.Сүрэнжаргал, А.Лхамсүрэн нар тааралдсан юм.

М.Сүрэнжаргалын хувьд “Эцэг, эх маань малчин хүмүүс. Тиймээс сард олдог  тогтмол орлого байхгүй. Тэд маань малчны зээлтэй учраас давхар миний сургалтын төлбөрийн зээлийг төлөх боломжгүй учраас энэ зээлд хамрагдахгүй юм шиг байна. Би уг нь богино хугацааны оюутны зээлд хамрагдах хүсэлтэй байна” гэсэн юм.

Харин А.Лхамсүрэн “Манай эцэг, эх тэтгэврийн, цалингийн зээлтэй. Одоо сургалтын төлбөрийн оюутны зээлд хамрагдах гэхээр хамтран зээлдэгч байх шаардлагатай гэсэн шаардлага тавьсан байх юм. Аав, ээж маань хоёулаа зээлтэй учраас миний батлан даагч болж чадах болов уу?” гэсэн асуултыг бидэнд тавьж байлаа.

Ингээд Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс зарим зүйлийг тодрууллаа.

Оюутнуудын 70-80 хувь нь богино хугацааны зээлд хамрагдаад байна

-Хичээлийн шинэ жил эхлэх гээд Боловсролын зээлийн сан хөл хөдөлгөөн ихтэй байна. Оюутны хөгжлийн зээлийн материалыг тогтмол хүлээн авч байгаа юу?

-Оюутны хөгжлийн зээлийг тогтмол, арилжааны зургаан банкаар дамжуулан сар бүр оюутны зээлийн материалыг хүлээн авч байгаа. Уг зээлийн хувьд эхлэх, дуусах хугацаа байхгүй бөгөөд өнгөрсөн оноос хойш хэвийн олгож байна. Зуны улиралд хичээл, сургууль амарсантай холбоотойгоор хандах оюутны тоо багассан. Одоо хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас оюутнууд олноор хандаж, банкуудад ачаалалтай байна. Мөн энэ үеэр Боловсролын зээлийн сангийн мэргэжилтнүүд томоохон их дээд сургуулиудтай хамтран бүртгэл хийж буй газар нь оюутнуудад мэдээлэл өгч, шаардлага хангасан оюутны материалыг банкууд нь тэндээ хүлээн авч байгаа.

-Энэ хичээлийн жилд 41 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой гэж дуулсан. Одоо хэчнээн оюутан оюутны хөгжлийн зээлд хамрагдаад байна вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд 1020 гаруй оюутан зээлд хамрагдсан. Энэ оны хувьд ч оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй олон оюутан залуус хандаж байгаа. Одоогоор банкууд нэгдсэн тоог гаргах болоогүй байна. Зээл авах хүсэлтэй оюутан зээлд тавигдаж буй шаардлагаа хангаж чадвал бид 2017 оны арванхоёрдугаар сарыг дуустал 41 мянган оюутанд зээл авах боломжийг бүрдүүлсэн байгаа.

-Тэгвэл оюуны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд ямар шаардлага хангасан байх ёстойг дахин сануулж, хэлж өгөөч. Зарим эцэг, эхчүүд оюутны хөгжлийн зээлд хамрагдахад өндөр шаардлага тавьж байна гэх юм?

-Оюутнуудад гурван үндсэн шаардлагыг л тавьж байгаа. Нэгдүгээрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцах, хоёрдугаарт онооны шалгуурыг хангаж байх ёстой. Үүнд богино хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй шинээр элсэж буй оюутан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо 400 болон түүнээс дээш, голч дүн нь хоёроос дээш байх, урт хугацааны зээл бол Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650 онооноос дээш, голч дүн нь гурав байх гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Мөн зээлийн хамтран зээлдэгч нь цалин орлоготой хүн байх ёстой. Зээл эргэн төлөгдөх учраас цалин орлогогүй хүн зээл авах боломжгүй. Хүмүүс энэ нөхцөлийг л хангаж чадахгүй байгаа учраас оюутны хөгжлийн зээлийн олголт нь бага байна.

-Оюутны хөгжлийн зээлийг богино, урт , хүү бууруулах гэсэн гурван төрлөөр олгож байгаа. Оюутнуудын хувьд ихэвчлэн аль төрлийн зээлд хамрагдаж байна вэ?

-Ер нь оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнуудын 70-80 хувь нь богино хугацааны зээлд хамрагдаад байна. Оюутнууд энэ зээлийг таван хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаанд төлж дуусдаг. Урт хугацааны зээл нь шалгуур өндөртэй учраас оюутнууд бага хамрагддаг юм.

Хамтран зээлдэгчээр хамаатан садангийн хүн байж болно

-Бакалавр буюу өдрөөр суралцаж буй оюутнуудаас гадна оройн ангийн оюутнууд зээлд хамрагдаж болох уу?

-Өнгөрсөн жил ганцхан бакалавр буюу өдрийн ангийн оюутнууд оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой байсан. Энэ хичээлийн жилээс эхлэн ичнээ, магистр, доктор, оройн ангийн оюутнууд оюутны зээлд хамрагдах боломжтой болсон.  Богино хугацааны зээлийг л олгож байгаа. Нийт ичнээ, магистр, доктор, оройн ангийн 38 мянган оюутан зээл авах боломж бүрдсэн гэсэн үг. Тун удахгүй ичнээ ангийн элсэлт эхэлнэ. Хичээл эхлэхээс өмнө зээлд хамрагдахад шаардлагатай материалаа бүрдүүлж өгч болно.

-Надад хандсан хоёр оюутны хандсан асуудалд хариулт өгөөч. Эцэг, эх нь хоёулаа малчны, цалингийн зээлтэй тохиолдолд яах ёстой вэ?

-Оюутнууд, эцэг, эхчүүд энэ хичээлийн жилд 41 мянган оюутныг зээлд хамруулах боломжтой гэхээр буцалтгүй тусламж шиг хамруулна гэж ойлгох юм. Гэтэл банкнаас оюутанд онооны шаардлага, хамтран зээлдэгчтэй байх шаардлагыг тавьж байгаа. Хүмүүс банкнаас зээл авахад ямар шаардлага тавьдаг үүнтэй л адил шаардлагыг оюутнуудад тавьдаг. Давуу тал нь хүү багатайгаар сургалтын төлбөрийн зээл авах боломжтой. Бид хамтран зээлдэгчээр ганцхан гэр бүлийн гишүүн гэдэг байсан бол одоо хамаатан садангийн аль нэг орлоготой хүн байх боломжтой. Бас малчны хүүхдүүд хамрагддаггүй байсан бол малчны зээлийн нөхцөлтэй ижил нөхцөлтэйгээр төлөхөөр боломжийг эрх зүйн орчинг бий болгосон байгаа.

-Тэгвэл заавал эцэг, эхийн аль нэг нь байх шаардлагагүй гэсэн үг үү?

Эцэг, эхийнх нь өмнө нь авсан цалингийн, тэтгэврийн зээл бага бол давхар зээл авч болно. Харин тухайн хамтран зээлдэгчийн авч буй цалин нь бүх зээлээ төлж чадах боломжтой байх ёстой. Зарим эцэг, эхчүүд банкнаас зээлээ тултал авчихсан учраас дахин зээл авах боломжгүй байж магадгүй. Тэгвэл хамаатан садны өөр зээлдэгчтэй хамтран зээл авч болно.

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж