Шинэчлэлээс завшигчид нь урвагчид

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Шинэчлэлээс завшигчид нь урвагчид

Шинэчлэлээс завшигчид нь урвагчид

УИХ-ын 2016 оны сонгуулиар гудамжинд хөөгдөж гарсан Ардчилсан намынхан үзэл бодол, үнэт зүйлээ олж авахаар хариуцлагын шинэчлэлийг эхлүүлж байсан нь жилийн өмнөх адал явдал. Эргээд харахад, Ардчилсан нам ялагдлын шалтгаанаа эрүүлээр харж, зорьсон шинэчлэл, хүссэн үзэл баримтлалдаа хүрсэн үү гэвэл үгүй.

Харин ч засгаа онхолдуулж, намаа ялагдалд хүргэж, Ардчилсан намынхныг  тоос шороотой нь хутгасан болгон, ялагдалд хариуцлага хүлээх ёстой бүхэн өнөөдөр  ямбыг нь эдлээд явж байна. Хувь заяаны тоглоом ч юм уу, шоглоом ч юм уу гэмээр. Өнөөдөр хувь заяаны яг ийм эргүүлэгт МАН живж байна.

С.Эрдэнэ танхимынхаа тэргүүнийг унахад “Нүд өвдлөө” гээд ирээгүй тэр шалтгаанаар Ж.Эрдэнэбатын гүйцэтгэх засаглалаас хэн, хэн  урвахыг хэлж мэдэхгүй. Ц.Нямдорж лав Х.Баттулга шиг “Заналтайгаар гарын үсэг зурсан” биз.

Н.Алтанхуягийн засгийг Ардчилсан намынхан өөрсдөө огцруулсантай адилхан Ж.Эрдэнэбатын засгийг намынхан нь огцруулахаар Т.Аюурсайхан гишүүний бланк дээр гарын үсэг цуглуулж явна. Түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж  гэмээнэ Л.Эрдэнэчимэг шиг нүүрээ дараад гарч гүйх хүүхнүүд, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Ж.Батзандан нар шиг эсрэг кноп дарах гишүүд,  үгүйдээ л  Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар шиг утсаа авахгүй золигтох сайд ч гарна.

Гэхдээ Ардчилсан намын 9 дээр С.Жавхлан, О.Баасанхүү хоёрыг нэмээд намаас нь 28 гишүүн эсрэг санал өгч байж л МАН-ын хоёрдугаар ээлж “хоолондоо орно”.

Мэдээж, Р.Бурмаа, М.Зоригт шиг засгаа унагаасныхаа шагналд сайдын сэнтийгээр шагнуулах санаархалтай гишүүн цөөнгүй.  Тэднийхээ шунал тачаалыг хангаж чадахгүй бол М.Энхболдоос урвагсад У.Хүрэлсүхээс ч урвана. Урвагч л бол урвагч.

Гэвч чиг, энэ бүхэн М.Энхболдын үйлийн үр аж.  Ардчилсан намынхны хагарал, тэмцэл дээр улс төр хийсэн хоёр жилийн өмнөх хувь заяаны шоглоомоо МАН хүртэж байна. Ёстой л хүртэх ёстойгоо МАН хүртэж байна гэсэн үг. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр солилоо гээд эдийн засгийн өсөлт 5.3 хувиас тав дахин нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт хэдэн тэрбум доллараар тоологдож, монголчуудын аж амьдрал гэнэт л сайжирчихна гэж бодож байна уу. Үлгэрт ч хүүхдүүд итгэхээ больсон цаг даа.

Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүн огтоос өөрчлөгддөггүй бөгөөд МАН-ын асуудал бол МАН-ынх биш, Монголын баялаг дээр хэн эзэн суух вэ гэсэн “ариун дайн”-ын үргэлжлэл. Түүнээс У.Хүрэлсүх намаа болон улсаа бодсондоо Шадар сайдын албаа өгч байгаа  юм биш. Хэрэв тэр намаа бодож байсан бол өнгөрсөн дөрвөн жил “авгайгаа асрах” нэрээр ачааны хүндээс зугатах байсан гэж үү. Н.Номтойбаярын хэлсэн “Ачаа үүрэх болохоор алга болчхоод, ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг” бол голтой л үг байна лээ.

Жилийн өмнөх Ардчилсан намынхан шиг МАН-ынхан өнөөдөр шинэчлэлийн тухай ид ярьж байна.  Гэхдээ Ардчилсан намынхны хийсэн шинэчлэлийн  үйл явц, үр дүнг харахад тэндээс  завшигчид нь урвагчид байдаг аа гэж.

МАН-ын шинэчлэлээс МАН хожихгүй. МАН-ын нэрээр урвагчид нь л хожно. Урвагчид нь л эрх мэдэлд хүрдэг Ардчилсан намын шинэчлэл шиг.  Яг С.Эрдэнэ намын дарга болоод Х.Баттулга Ерөнхийлөгч болсон шиг У.Хүрэлсүх намын дарга болоод УИХ-ын дарга Ц.Нямдорж болно гэсэн үг.

Гэтэл  эдийн засагт тогтвортой төрийн бодлого л  хэрэгтэй.  Засгийн газар нь тогтвортой байж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татдаг. Бодлого нь тогтвортой байж ажил явагддаг.  Өнгөрсөн 26 жилд Монгол 15 Засгийн газрыг сольсон. Одоо Мэргэжлийн  засгийнхаа маанийг уншихаар МАН-ынхан хэзээ мөдгүй хоног тоолж сууна.  Харамсалтай нь, энэ бүгдээс Монгол ялах нь юу л бол.  Шинэчлэлийн засгийг Шийдлийн болгоод  Монгол яаж хөгжиж, Ардчилсан нам яаж хожив.

Намынхаа маанийг уншсан Ардчилсан намынхны гарт намаа өгч, улсаа зуудаг нохдын гарт үрмээргүй байгаа бол Монголын төрөөс “урвасан”  Ц.Сандуйгаа, Монгол ардын намаас “урвасан” У.Хүрэлсүхээ хөөгөөд явуул.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж