Зөрчлийн тухай хуульд Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой ямар заалт тусгасан талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Сүүлийн үед цахим орчинд 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 250.000 төгрөг, Төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, Жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл иргэдэд хүрч, багагүй шүүмжлэл дагуулсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Өнгөрсөн 7 долоо хоногт цахим орчинд Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх сарын 01-нээс эхлэн Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 250.000 төгрөг, Төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, Жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн ташаа мэдээлэл цацагдаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Энэхүү мэдээлэл худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Уг ташаа мэдээллийг нийтэлсэн вэб сайтуудыг шалгаж байгаа. Цаашид ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсч байна. Мөн иргэд ямар ч эх сурвалжгүй буруу ташаа мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.
-2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой ямар заалт тусгасан бэ?
-Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан.
- Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй /20 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй /25 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй /250 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй /30 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй /300 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд тодорхой хэмжээний торгууль төлдөг. Одоо торгуулийн хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ?
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлнө. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын 5 хоногт хэвлэгдэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно. ‘Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм’-ийн 2.10.3-т ‘Монгол Улсын иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар нэгжид’ мэдэгдэх гэж заасныг үндэслэн 30 нэгжтэй /30 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: Оөубег
Холбоотой мэдээ