Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Саудын Арабын Вант Улсын эрхэм дээд хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.
Хунтайж өнгөрөгч онд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Саудын Арабын Вант Улсад айлчилж, хамтран ажиллах санал тавьсны дагуу танай орныг зорин ирлээ гээд эрдэс баялгийн чиглэлээр хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уул уурхайн салбарынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэв.
УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж одоогоор техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн долоон төсөл байгааг товч танилцуулж, эдгээрийн алинд нь ч хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо. Улмаар сайд төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж, хунтайжийн багт танилцуулахыг холбогдох газрын дарга, төслийн удирдагчдад үүрэг болгов.
Эх сурвалж: УУХҮЯ