Дэлхийн хамгийн өндөр настай дүрвэгч эмэгтэйг Швед улсаас ирэх сард Афганистан руу нутаг буцаахаар болжээ. 106 настай Бибихал Убеки 2015 онд талибан бүлэглэлийн дайралтаас зугтан Афганистаны Кундуз хотоос дүрвэсэн аж. Тэрбээр гэр бүлийн хамт Турк, Грек, Хорват зэрэг олон улсаар дамжин удаан аялсны эцэст Швед улсад ирж орогнол хүссэн өргөдөл гаргажээ. “Гэр бүлийн хувьд маш хэцүү аялал байсан. Биднийг Германд хүрсний дараа нэг эмч надад тэргэнцэр өгсөн” хэмээн тэрбээр ярьсан байна.
Бибихал Убеки өнгөрсөн зургадугаар сард Шведээс орогнол хүссэн өргөдөл гаргасан боловч татгалзсан хариу авчээ. Гэхдээ тэрбээр шийдвэрийн эсрэг Шведийн шүүхэд зарга мэдүүлэхээр төлөвлөжээ.
Шведийн засгийн газраас дүрвэгсдийг нутаг буцаах шийдвэр гаргаснаас хойш Стокгольм хотноо олон тооны дүрвэгч иргэд жагсаал хийсэн байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: RT