Самарнаас хямд амь гэж байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Самарнаас хямд амь гэж байх уу?

Самарнаас хямд амь гэж байх уу?

…Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургадугаар багийн нутаг Тоомын гэх газарт, Богд суманд суух эрэгтэй Э /эр.28н/ нь самар түүж яваад модноос унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

…Баянзүрх дүүргийн XI хороо “Цэцээ гүн”-ий орчимд самар түүж байсан 58 настай иргэн модноос унаж амь насаа алдсан хэрэг гарлаа.

…Архангай аймгийн Булган сумын Хардаг хад хэмээх газарт самар түүж явсан Баянхонгор аймгийн 45 настай иргэн модноос унаж амиа алдсан байна.

Энэ мэт эмгэнэлт мэдээлэл жил алгасахаа болив. Жил алгасаж ургадаг самарнаас болж хүмүүс жил бүр амиа алдсаар төдийгүй, жил жилийн намарт уул хадаар тэнэж, самар түүдэг бүлэг хүмүүстэй болоод амжжээ. Тэд идэх, хүнсэнд хэрэглэх хэрэгцээгээ хангах гэж бус түүсэн самраа наймаалж арилжаалан ашиг олох гэж уул руу гардаг байна. Самар ихээр ургадаг нутагт бол хаврын хавсаргат өдрүүдэд ч самарчид ууландаа байж л байх жишээтэй. Самар түүхээр явсан залуу хос ойд төөрснөөс осгож нас барсан, хижээл насны эр самар ачиж явсан машинд дайруулан амиа алдсан, төрсөн эцэг нь цайруулсан самраа харамлан хүүгээ хутгалсан гэээд самарчид дундаас муу мэдээ л сонсдох болжээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд л гэхэд 2016 оны аравдугаар сараас хойш тус газарт зургаан хүн бусдын гарт, долоон иргэн хөлдөж амиа алдсан байна. Хөл, гараа хөлдөөсөн, модонд дарагдаж гэмтсэн тохиолдол өдөр бүр гардаг ч самарчид үүнийг байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг болсныг өдөр тутмын сонины сурвалжлагад онцолсон байна.

Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох төдийгүй байгаль орчинд ч асар хор хөнөөлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Модыг мунаар цохиж гэмтээснээс ургалтгүй болохын дээр дахин үр жимсээ хайрлахааргүй болгосон нь олонтаа.

Байгалийн баялгийг хүн бүр хүртэх эрхтэй ч самар, жимсийг түүх, ашиглах цаг хугацаа, арга техник гэж бий. Гэтэл манайхан бие биенээсээ өрсөх гэхдээ түүх цаг нь болоогүй байхад уул хад руу бэлччихдэг. Ялангуяа хот орчмын ногоон бүс самарчдын отог майхнаар дүүрдэг. Тэд зүгээр ч нэг самар түүгээд буцах бус хог, хаягдлаа тэр чигт нь орхиж, ойр орчмын ус булаг, гол мөрөн, ой модыг тун чиг аюултай бохирдуулдаг нь нууц биш.

Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран есдүгээр сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж эхэлжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан бөгөөд иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч, түүх боломжтой байдаг ажээ.

Харин зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд онцгойлон анхаарууллаа.

Самар түүх ашигтай, самар цөмөх бүр ч сайхан байж болно. Гэвч хүний алтан амь, эрүүл мэнд гэдэг юугаар ч нөхөшгүй. Мод, ургамал, бут, сөөг бүхэн амьтай. Хугарсан мөчир, үхэжсэн мод дахин сэргэхгүйн дээр шинээр ургах гэж багадаа 80, цаашлаад 100 жилийн дараа тэр хэмжээний мод ургадаг гэхээр юутай уйтай вэ. Товчхондоо бол самарнаас хямдхан амь гэж үгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж