Дэлхийн оюутны “Универсиад-2017” наадам наймдугаар сарын 19-нд Тайванийн Тайпей хотноо нээлтээ хийсэн. Таван тивийн 160 орны 12000 гаруй тамирчид спортын 19 төрөл 306 багц медалийн төлөө өрсөлдөж буй Дэлхийн оюутны зуны “Универсиад” наадамд Монголын баг тамирчид есөн төрөлд 51 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.
Монголын тамирчдын салхийг хагалсан усанд сэлэлтийн тамирчин ОУХМ Г.Занданбал Дэлхийн оюутны “Универсиад 2017” наадмын 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 1:08.39 амжилт үзүүлэн, гараандаа түрүүлж, Монгол Улсын рекордыг (1:11.23) шинэчлэн тогтоожээ. Мөн туялзуур сэлэмчдийн анхны ялалтыг “Хангарьд” клубын тамирчин спортын мастер Б.Гэрэлмаа Австралийн тамирчин Maclaurin Alanah-ийг 5:3 ийн харьцаатай хожиж, авлаа.
Өнөөдөр Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Тайпэй хотын Фу Жэн их сургуулийн байранд болж байна. Хуралд хорооны 13 гишүүнээс гадна Олон улсын оюутны спортын холбоо, ази номхон далайн орны оюутны спортын холбооны удирдлагууд оролцож байна. Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн дарга Д.Жаргалсайхан тэдний нэг нь юм.
Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурлаар Алмата хотноо 2017 оны нэгдүгээр сард болсон Гүйцэтгэх хорооны хурлын тэмдэглэлийг батлах, Ерөнхийлөгч ба Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлын тайлан, санхүүгийн тайлан ба гүйцэтгэл, төсөв, төв Ази, зүүн Ази, зүүн өмнөд Ази, өмнөд Ази, баруун Азийн 5-н бүс хариуцсан ахлагч нарын тайлан, 2017 Азийн аваргын тэмцээний тайлан, бэлтгэл ажлын явцын мэдээллийг хэлэлцэх, 2018 оны тэмцээний эрх өгөх, дараагийн Гүйцэтгэх хорооны хурлын хотыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Б.ЭНХ