“Монгол сарлаг-2017” фестиваль амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

“Монгол сарлаг-2017” фестиваль амжилттай зохион байгуулагдлаа

“Монгол сарлаг-2017” фестиваль амжилттай зохион байгуулагдлаа

-Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй орлогын алдагдлыг багасгах, бэлчээрт ээлтэй сарлаг гэдэг амьтныг өсгөн үржүүлж, үр шимийг нь үзэж, олон улсад сурталчлах нь наадмын гол зорилго-

Архангай аймгийн Ихтамир сумын домогт Тайхарын талд “Монгол сарлаг-2017” фестиваль наймдугаар сарын 9-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол сарлагийн онцлог, бэлчээр ашиглалт, хариуллага маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлын гайхамшгийг гадны жуулчдад болон Монголын ард түмэнд сурталчлан таниулсан уг фестивалийн ерөнхий зохион байгуулагч нь Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо юм. Тус холбооны хамт олон “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ, ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн болон Ихтамир сумын ЗДТГ, “Монголын ноос ноолуурын холбоо”-той хамтран энэхүү баярыг хоёр дахиа зохион байгуулсан нь энэ. Сарлагийн баярт нийт 14 аймгийн 80 гаруй сумын сарлаг үржүүлэгчид, сарлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон нь хэрхэн өргөн дэлгэр болсныг илтгэнэ.

Баярын урд өдөр Тамирын голын хөвөө, Тайхарын талд тэнгэр хангай хураа хайрлаж, маргааш өглөө нь эхэлсэн наадам газар чийгтэй, зорин ирсэн зочид гийчид, наадамчдын сэтгэл тэнүүн, баяр баясалд умбаж байв. Сарлаг хөллөсөн шар тэрэг, саалийн үнээ, гоё ганган сарлагийн эр үхрүүд, бухнууд гээд Монгол ахуйг харуулсан, газар газраас ирсэн зочдын нүдийг баясгасан сайхан наадам болсон. Фестивальд 14 аймгийн арав гаруй сумын малчид “сайн, сайхан, саглагар” гэсэн сарлагуудаараа оролцов. Сарлагийн эх орон гэгддэг бүс нутаг болох Архангайн Тариат, Цахир, Завханы Их-Уул, мөн Баянхонгорын ихэнх сумаас малчид, наадамчид ирсэн бол Өмнийн шаргал говиос Баяндалай, Булган, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн сумдын сарлагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны захирал Н.Ганхуяг энэ жилийн наадмын онцлог болоод, гол зорилгын талаарх баярын сэтгэгдлээ хуваалцсан. Тэрбээр “Өнөө жилийн сарлагийн баяр улам их хүрээгээ тэлсэн нь наадамд оролцогчид болоод гаднаас ирсэн жуулчдын тоогоор хэмжигдэж байна. Энэ хэрээр Монгол сарлаг фестивалийн нэр хүнд өсч буй нь талархууштай. Мөн олон байгууллага, хамт олон итгэл сэтгэл нэгтэйгээр энэхүү баярыг хамтран зохион байгууллаа. Монгол орны нийгэм, эдийн засгийн гол үндэс суурь нь мэдээж мал аж ахуй. Бэлчээрийн доройтлын улмаас малчин өрхийн ашиг орлого буурч байна. Нэг малчин өрх жилдээ 2.6 сая төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ наадмын гол зорилго бэлчээрийн доройтлоос үүдэлтэй орлогын алдагдлыг багасгах, сэргээн сайжруулах, хамгаалах, бэлчээрт ээлтэй сарлаг гэдэг амьтныг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь дотооддоо хэрэглэх мөн олон улсын зах зээлд гаргах, сарлагийг олон улсад сурталчлахад оршиж байна” гэв. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Швейцарын хөгжлийн агентлагийн ‘Ногоон алт, малын эрүүл мэнд’ төслийг 2017-2020 онд бүх аймагт хэрэгжүүлж байгаа. Энэ нэгдсэн төсөл өмнө арваад жил ‘Ногоон алт’, ‘Малын эрүүл мэнд’ тус тусдаа баруун долоон аймагт амжилттай хэрэгжсэн юм. Ирэх дөрвөн жилд өмнөх сайн туршлагийг төвийн болон зүүн бүсийн бүх аймагт нэвтрүүлнэ гэсэн үг. Аймаг, сум бүрт тус нэгдсэн холбооны байгууллага буйг онцлох нь зүтэй болов уу.

Фестивалийн үеэр Архангай аймгаас Их хуралд сонгогдсон Монгол төрийн түшээ Ганзоригийн Тэмүүлэн Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, Монгол бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон сарлагийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн судлаачид, сарлагийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тодруулбал, “Сарлагийн аж ахуйд тулгамдаж буй асуудлууд ба төрийн бодлого” онол практикийн бага хурлыг зохион байгуулсан юм. Энэхүү хурлын үр дүнд сарлагийн аж ахуйн хөгжилд тодорхой хэмжээний шийдэл авчрах зорилго бүхий “Монгол сарлаг” үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулан гаргасан. Үндсэндээ Улсын Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягийн “Сарлагийн аж ахуйд тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлд дурдагдсан “Сарлаг дэд хөтөлбөр боловсруулах, цөм сүргийн аж ахуй байгуулах, сарлагчдын хоршоо аж ахуйн нэгж байгуулах, бэхжүүлэхэд төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой дэмжлэг үзүүлэх, сарлагийн түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах дамжлагат ажлыг туршиж нэвтрүүлэх” гэх ийнхүү үр дүнгээ өгч “Монгол сарлаг” үндэсний дэд хөтөлбөр боловсруулагдан, хэлэлцэгдэж улмаар Г.Тэмүүлэн гишүүн салбарын сайд болох ХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнд гардуулж өгсөн нь энэ удаагийн фестивалийн гол үр дүн болсон юм. Онол практикийн бага хурлаар сарлагийн талаар эрх зүйн орчин сул, үржил селекцийн ажил орхигдсон, мэргэжилтэн судлаачид цөөрсөн, малын удмын сангийн үндэсний төвд сарлагийн бухны үрийн сан байгуулах зэрэг олон чухал асуудлыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг эрдэмтэн судлаачид сануулж байв.

Өндөр хангайн өгөөж буянт сарлагийн сүргийг алдаршуулах баяр маань “Сүрлэг хангай” сарлагийн парад дор уламжлал ёсоор болж, зорин ирсэн гадаад, дотоодын жуулчдад “Хөхдэй”, “Өгөөж буян”, “Цагаадай”, “Ягаадай”, “Нутгийн өгөөж” хотхонуудаар үйлчлэн, сарлагийн гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээг сурталчилсан. Тухайлбал, “Хөхдэй” хотхонд ашиг шим өндөртэй сарлагийн бух шалгаруулах “Сайхан сарлаг”, хамгийн сайхан тоног чимэгтэй “Ганган сарлаг”, хамгийн олон төл хүлээн авсан “Сарлагт ээлтэй малчин”, хамгийн их сарлагийн хөөвөр бэлтгэсэн хоршоог шалгаруулах “Саглагар, сагсаахай” тэмцээнүүд болсон. Мөн сарлагийн түүхий эдээр хийсэн хамгийн уран хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулах “Уран сарлаг”, хамгийн их сүүтэй үнээ шалгаруулах “Арвин баялаг”, хамгийн амттай, сайхан сүүн идээг шалгаруулах “Шимт идээ” зэрэг шилдгүүдийг шалгаруулсан уралдаан тэмцээнүүд хуваарийн дагуу болсон. Аялагч, жуулчдад зориулсан “Цагаадай” монгол уламжлалын хотхонд “Тод магнай” хурдан сарлагийн уралдаан, сарлаг бугуйлдах, эмнэг сарлаг сургах, нум сум харвах гээд нүүдэлчдийн өвөрмөц зан үйлээс танилцуулж, наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм Супер хонжворт сугалааныг мөн зохион байгуулсан. “Ягаадай” урлагийн хотхонд сарлагтай холбоотой дуу, шүлгийн тэмцээнийг зохион явуулж, аймаг сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолтоо сонирхуулж, наадамчдыг улам хөгжөөнтэй, сэтгэлийн цэнгэлтэй болгосон юм. Наадмын бас нэгэн үзүүштэй агшин бол “Хөнгөн дулаан” сарлагийн хөөврөн хувцасны загварын шоу юм. Энэхүү шоунд “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ажилладаг “Баялаг -Өлзий”, “Сор”, “Уужин”, “Жинст мөрөн”, “Алтай кашемир”, “Монгол нэхмэл” зэрэг компаниуд оролцож, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ наадамчид, жуулчдад сурталчилсан. Мөн малчид, үндэсний үйлдвэр, байгууллага хоорондын туршлага солилцох уулзалт болж “Ногоон алт, Малын эрүүл мэнд’ төсөлд хамрагдаж буй аймгуудын төлөөлөл, үндэсний үйлдвэрүүдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон. Тэд бэлчээр, түүхий эд бэлтгэл, малчид, үндэсний үйлдвэрүүдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг олон асуудлын хүрээнд туршлага солилцон, ярилцсан юм. Ийнхүү өндөр их хангай, өмнийн саруул говийн өгөөж буянт сарлагийн сүргийг алдаршуулах фестиваль наадамчин олныг цэнгүүлсэн, зөвхөн наадаад өнгөрөх бус “Монгол сарлаг” үндэсний дэд хөтөлбөрөө хэлэлцэж үр дүнг нь үзсэн гээд олон асуудлыг шийдсэн, малчдынхаа ахуй амьдралд үр шимээ өгсөн сайхан баяр болж өндөрлөлөө.

Ө.Манлай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж