Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Т.Цэрэнноров нарын хүмүүс оролцлоо.
НИТХ дахь МАН нийт 34 төлөөлөгчтэй. Үүнээс 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зуржээ. Үүн дээр нэмэгдээд Ардчилсан намаас НИТХ-д сонгогдсон 11 гишүүн гарын үсгээ зурсан байна. Ингээд нийт 27 хүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зуржээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй гэж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хэлэв. Тэрбээр ”Хуульд НИТХ-ын нийт гишүүдийн 2/3 нь гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг зарлана, эсвэл хурал өөрөө тарна гэсэн заалттай. Намын Бага хурал есдүгээр сард хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хариуцлагын асуудлыг ярина. Гэтэл наана нь намыг хагалган бутаргах ажил явагдаж байна” гэв. Тэрбээр намынхандаа хандаж намынхаа дүрмийг мөрдөж ажиллахыг сануулав.
-Хэрэв НИТХ хуралдвал Ц.Сандуй даргад хариуцлага тооцох уу?
-НИТХ-ын даргыг огцруулах тухай заалт хуульд байхгүй. Хэрэв Ц.Сандуй хууль хяналтын байгууллагаас гэмт буруутай нь тогтоогдох юм бол намын дүрмээр ёс зүйн хариуцлага тооцогдоно. Түүнээс НИТХ болон түүнтэй холбоотой хууль тогтоомжид НИТХ-ын даргыг огцруулах тухай заалт байхгүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр огцорч болдог. Түүнээс өнөөдөр 27 төлөөлөгч гарын үсэг зурснаар яригдах асуудал биш.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү “Нийслэлд ялалт байгуулсан МАН-ын гишүүн намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдсөн. МАН бол дотроо бүтэц зохион байгуулалттай. Хэдийгээр төлөөлөгч нарт бүрэн эрх байдаг боловч намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. НИТХ-ын ээлжит бус хурал зарлахын өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид хуралдана. Дараа НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Ингэж байж хурал зарлагдана. Бид асуудлыг хэлэлцэхгүй гэж байгаа юм биш. Эхлээд дэс дараалал, дүрэм журмын дагуу явах нь зүйтэй” гэв.
Холбоотой мэдээ