Нислэгийн хөдөлгөөн удирдагчид зурвасаа “эзэллээ”

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Нислэгийн хөдөлгөөн удирдагчид зурвасаа “эзэллээ”

Нислэгийн хөдөлгөөн удирдагчид зурвасаа “эзэллээ”

Нисэхийн салбарын бус, уншигч та орон зайн баримжаагүй “огторгуй”-д онгоцыг яаж удирдан нисгэж, зорьсон газарт нь хүргэдэг болоо гэж бодож үзсэн үү. Урд зүгээс нисч ирсэн онгоц ямар замаар нисэхээрээ буцаад урагшаагаа нисчихэлгүй Монголын тэнгэрийг хөндлөн зүсээд хойд хилээр гараад явчихдаг юм болоо. Та дээшээ хараад үз. Тэнд лав нүдэнд харагдаж, гарт баригдах зам үгүй. Тэнд нисгэгч ашиглачихаар луужин тэмдэглээ ч байхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өдөрт 400 онгоц 900 хүртэл км/цагийн хурдтай нисч өнгөрөхдөө яаж хоорондоо мөргөлдчихөлгүй, яаж зүг чигээ олон зөрж өнгөрөөд, хүрэх газартаа хүрдэг байна аа.

Уншигч та нисэхийн салбарыг онгоц, нисгэгч хоёроор л төсөөлдөг байх. Тэгвэл энэ салбарын арын албанд нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг олон чухал мэргэжилтэн, хамт олон байдгийн нэг хэсэг нь Нислэгийн хөдөлгөөн удирдагчид. Тэд нислэгийн туршид зуун, зуун зорчигчийн амь насанд санаа зовж, агаарын хөлөг зурваст амжилттай газардах хүртэл бүхий л оюун санаа, бие сэтгэл, зүтгэлээ дайчилж ажилладаг хүмүүс юм. Тиймдээ ч олон улсад “Нислэгийн хөдөлгөөн удирдагч” мэргэжилтнүүдийг удаан насалдаггүй гэдэг. Тэднийг ажлын байран дээрээ амиа алдах нь элбэг гэж судлаачид тогтоосон байдаг. Мэргэжлээс шалтгаалах өвчний хувьд ихэвчлэн зүрх, судасны өвчнөөр өвдөнө. Энгийн хүн агаарын хөлөгт ямар нэг юм болоход л сая түгшдэг бол Нислэгийн хөдөлгөөн удирдагчид бүх нислэгийн ямар ч цаг, үед зүрх хаагдмаар түгшүүртэй, ачаалалтай ажиллана. Яаж энэ 10, 20, 30 онгоцыг аюулгүй зөрүүлэх вэ, яавал энэ онгоцыг нүдэнд үл үзэгдэх энэ замаар нисгэж, зорьсон газарт нь цаг хугацаанд нь хүргэж, олон олон зорчигчийг эсэн мэнд газардуулах вэ гэсэн тэр чухал шийдвэрийг цаг бүрт нь гаргаж, удирддаг хүмүүс.
Эндээс “Нислэгийн хөдөлгөөн удирдагч” гэдэг ямар их стресстэй ажилладаг вэ гэдэг нь харагдах бизээ.

Эх газраас онгоц жолооддог онцгой мэргэжилтнүүд өнгөрөгч амралтын өдөр шинэ нисэхийн зурваст марафон гүйлт хийж нэг өдрийг өөрсдийнхөө эрүүл мэнд, “амь нас”-ндаа зориулсан юм. 12 цагаар ээлжээр ажиллаж нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байдаг энэ чухал мэргэжилтнүүд нэг өдөр бүгд хамтдаа цуглаж инээж, хөхөрч, өөрийг бодох цаг хугацаа ховорхон тохиодог байна. Спортлог өнгөрөөх энэ өдрийн арга хэмжээний үеэр бас л нэг хэсэг нь ажлаа хийж л байсан.

“Нислэгийн хөдөлгөөн удирдагч” гэсэн үнэмлэх авсан мэргэжилтэн манай нисэхийн салбарт 185 хүн байдаг.

Нислэгийн хөдөлгөөн удирдагчид мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нисэхийн зурваст марафон гүйлт зохион байгуулж “зурвасынхаа эзэн” нь болдог арга хэмжээг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Өмнө нь 2014 онд “Буянт-Ухаа “дахь Чингис хаан ОУНБ-д зохион байгуулж байжээ. Зөвхөн нислэгийн хөдөлгөөн удирдагчдын дунд спортын өдөрлөг зохион байгуулах анхны санаачлагыг Хөвсгөл аймгаас гаргаж байсан байна. Түүнээс хойш нислэгийн удирдагчид спортын төрлүүдээ өөрчлөх, уулын спорт, дугуйн холбоо зэргийг байгуулан өөр хоорондоо сонирхсон спортоороо хичээллэх болсон бөгөөд удирдлагуудын зүгээс ч ийм үйл ажиллагааг дэмжих болжээ.

Энэ удаагийн “зурвас эзлэх” марафонд мэргэжилтнүүд 4 багт хуваагдан 2400 метрт өрсөлдсөнөөс “Цагаанууд” баг түрүүлж шинэ “зурвасын эзэд” болсон. Харин “Улаанууд” баг удаалсан. Түрүүлсэн 2 багийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Үйлдвэрчний эвлэлээс мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Ийнхүү ирэх жил ашиглалтад орох, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын шинэ “зурвасын эзэд” тодорлоо. Зурвас нь нислэгийн хөдөлгөөн удирдагчдын хувьд хамгийн нандин зүйл нь билээ.

Эх сурвалж: ИНЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж